Товшлолоо Монголын цагаар бүтэн сайны өглөө хүргэж байя гэж бодлоо. Манай цагаар бол хагас сайны орой. Миний боломжтой цаг л тэр юм шиг байна. Тэгэхээр Монголоос уншдаг хүмүүс бүтэн сайнд аажуухан босоод цайгаа тухтайхан уухдаа харчихаж байж болох нь.
Хичээл эхэлснээс хойших хоёр долооногийн хугацаанд кампусынхаа дундуур гайгүй сайн алхаж, сонирхолтой газрууд юу байна, хичээл номоо аваад сууж болох байршлууд хаа байна, хэрэндээ л харж судаллаа. Тийм газар олон ч юм. Манай сургуулийн яг урд жижиг цөөрөмтэй сайхан парк байна. Тэнд нэг өдөр амарч суухдаа Кал Ньюпортын подкастыг сонсов. Тэгсэн яг ажиллах байршил, орчинтой холбоотой сэдвээр ярьдаг байна шүү. Тэр яриаг өнөөдөр товчлон хүргэе.
САНАА
Кал Ньюпорт: Ажил хэрэгт ахиц авчрах шинэ, бүтээлч, даацтай санааг хэрхэн бодож олох вэ?
1. Цагаан самбарын эффект - Сонирхолтой хүмүүсийн ойр тойронд байх
Танд байхгүй мэдээлэл, мэдлэг, техник тэдэнд бий бол бодол сэтгэлгээг чинь тэлнэ. Тэдэнд ойр дөт байхаас гадна тулж ярилцвал сонирхолтой санаанууд төрөх болно. Үүнийг би “цагаан самбарын эффект” гэж нэрлэдэг юм. Цагаан самбарын өмнө бусадтай хамт ямар нэг зүйл дээр ажиллавал үр дүнд илүү хурдан хүрнэ гэсэн санаагаар тэр. Би карьерынхаа эхэн үед Германд “Dagstuhl” судалгааны хүрээлэнгийн сонирхолтой семинарт сууж байв. Хуучны цайзад болдог энэ семинарт компьютерын шинжлэх ухааны нэг л проблемыг хэлэлцэхээр дэлхийн улсуудаас судлаачид эрдэмтэд цуглаж, яриа илтгэл тавих, хамтран ажиллах зэргээр тухайн асуудалд шийдэл олох гэж зорьдог. Тэнд эхлүүлсэн судалгааны бичвэрүүд маань надад ихээхэн ашиг тус өгч билээ.
2. Шинэ орчин - Novel Stimulation
Шинэ орчин нөхцөл бидний тархийг онгойлгож нээж өгдөг. Шинжлэх ухааны нарийн үндэслэлийг нь хэлж мэдэхгүй ч бидний мэдрэхүй шинэ орчинд ормогц тархинд шинэ холбоосууд үүсэж, шинэ бодол төрдөг. Би “Digital Minimalism” номоо бичих үедээ далайн эргээр их алхдаг байсан. Нэг үе би Вашингтон ДиСи-д янз бүрийн сонирхолтой байршлуудад төвлөрч суух дуртай байв. Capitol Hill-ийн (засгийн газрын ордон) ойролцоох сандал, Ботаникийн Хүрээлэнгийн модон дотор, Үндэсний галерей дахь кафе гээд л. Шинэ орчинд орохын давуу талыг Нассим Талеб “Хар хун” номдоо ийн хэлж байв: "Үдэшлэг цэнгүүнүүдэд оч. Хэрвээ чи шинжлэх ухааны хүн бол шинэ судалгаанд хөтлөх ямар нэг үг яриа олж сонсох болно."
3. Дасал болсон зүйлсээс зайлсхийх - Avoidance of the familiar
Шинэ орчин тархийг онгойлгож нээдэг бол дассан орчин түүнийг хааж чадна. Ажил дээрээ хэлтсийнхээ хүнтэй таарлаа гэж бодъё. Тэр үед бид, за байз энэ нөхөртэй чинь ямар ажил ярилаа, миний талаас юу хүлээгдэж байгаа билээ гэх зэрэг бодолд ээрэгддэг буюу дасал болсон зүйлсээс үүдэн гарах энэ мэт бодлууд бидний тархин дахь шинэ, бүтээлч санаа гаргах чадамжийг багасгаж байдаг гэнэ. Нэг хэвийн орчин нөхцөлд дассан тархи маань шинэ холбоосуудыг үүсгэж, “оч гялалзуулах” магадлал багатай.
Тэгвэл энэ гурван механизмыг бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж, шинэ бүтээлч санаа гаргах орчинд өөрсдийгөө хэрхэн оруулж байх вэ гэдэг дээр мөн гурван зүйлийг санал болгоё:
I. Ажилладаг орчин ба шинэ санаа боддог орчноо зааглан тусад нь байлга. Хэрвээ та гэртээ оффистой бол гэрийнхээ өөр нэг буланд ном уншиж, шинэ бүтээлч санаа боддог бай. Энэ дээр зохиолч, бичээчдийн жишээ олон.
II. Долоо хоног бүр шинэ газар оч. Музей, галерей дотор ажилла. Цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр суу.
III. Улиралдаа нэг удаа гоё сэтгэдэг, сонирхолтой хүмүүсийг цуглуул, уулз. Бодол санааг нь сонсох дуртай 2-3 хүнтэй ууланд алхвал жишээ нь ямар их шинэ санаа төрнө гэж бодож байна?
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо