Товшлол 60: Баялаг оюуны ертөнцийг бий болгож амьдрах саан
Товшлолоо Монголын цагаар даваа гарагт илгээе дээ. Өнгөрсөн бүтэн сайнд нийтлэхэд “open rate” буюу нээж үзэж буй тоо нь мэдэгдэхүйц унасан. Тэгэхлээр даваа гарагийн илгээмж болгосу.
САНАА
Саяхан би нэг номын өмнөх үгэнд ийм эшлэл явахтай таараад ихэд олзуурхлаа:
“Сайн өгүүлбэрийг сийрүүлэн буулгагчтай адилтгам гавьяат нэгэн бол түүнийг анх эшлэгч юм.”
Эмерсон
Энд тэндхийн мэргэн, ухаантай, сүрхий хүмүүсийн хэлсэн эшлэлийг үгсийг эмхэтгэн Товшлол гээч энэ жижиг бичвэрээ илгээж суудаг миний хувьд хийдэг зүйлдээ сайшаал магтаал сонссон юм шиг болоод тэр биз ээ. Би өмнө нь бичиж байсан, хэн нэгэн аливаа санааг бодууштайгаар эсвэл сонирхолтойгоор хэлчихсэн байхыг олж үзэх надад тун таашаалтай байдаг гэж.
Анхны орчуулгын маань эзэн Бэнжамин Франклин магад АНУ-ын анхны “эшлэл үйлдвэрлэгч” байсан байх. Франклин 17 настайдаа гэрээсээ зугтан Филадельфид ирээд хэвлэгч болсон байдаг. Ном хэвлэл ховор асан тэр үед Франклин жил бүр төрөл бүрийн мэдээлэл бүхий “Poor Richard’s Almanack” гэх товхимол гаргадаг байсан нь тухайн үеийнхээ лут бестселлер байж. Энэ товхимолдоо ард иргэдийн дунд хэлэлцэгдэж ирсэн хийгээд бусад улс орноос гаралтай санаж сэрүүштэй үгсийг эмхэтгэн, засаж найруулан, афоризм болгон нийтэлдэг байсан нь колонийн үеийн Америкийн олон иргэдийг хүмүүжүүлсэн гэдэг юм билээ.
Тэгвэл өнөө бидний сайн мэдэх “эсээ” гээчийн жинхэнэ автор Мишель дө Монтэнийн бүтээл туурвилын гол хэрэглүүр нь эртний Грек, Ромын түүх, зохиол бүтээлүүдээс сорчлон түүсэн эшлэл үгс байлаа. Г.Аюурзанын орчуулсан Монтэнийн “Сонгомол эсээнүүд”-ийн арын хавтсан дахь энэ үг надад их хоногшиж үлдсэн байдаг юм:
“Ямар ном унших вэ гэж үү? Монтэнийг л унш. Тэгэхдээ огтхон ч яаралгүй, анхааралтай уншаарай... Хүн төрөлхтөний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн, тийм баялаг оюуны ертөнцийг дотроо бий болгож амьдрах хэрэгтэй... Үүний тулд давын өмнө Монтэнийг уншихыг би зөвлөж байна. Эхнээс нь дуустал нь унш. Уншиж дуусмагцаа дахиад эхэл. Ахиад эхнээс нь унш!”
Гюстав Флобер
Агуу сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн баялаг оюуны ертөнцийг бий болгож амьдрах гэдэг ай сайхан зорилго шүү.
Энэ зорилгын төлөө явахад туслах зүйл бол “commonplace book” буюу эшлэлийн дэвтэр. Дэвтэр дээр юм уу аль нэг апп дээр таашаасан эшлэлүүдээ бөөгнүүлээд явж болно. Тэгээд Сенекагийн хэлсэнчлэн:
“Бид үнэмшил муутай, эл дол болсон үгс, хэтрүү зүйрлэл, реторик зэргийг бус мөн чанарлаг, мэргэн сургаал айлдваруудаас амьдралд хурдан хэрэгжүүлж болох хэсгүүдийг нь эрж хайх хэрэгтэй. Тэдгээрт сайн суралцаж гэмээнэ үг үйл болмуй.”
Ингээд эшлэлийн тухай энэхэн Товшлолоо дараах үгээр төгсгөе:
“Хүний түүхэнд 107 тэрбум хүн амьдарчээ (үүнээс 7.7 тэрбум нь одоо амьд). Энэ олон зуун жил тэрбум тэрбум хүмүүс алив юмсыг туршиж, бүтэлгүйтэж, суралцаж, өөрөөр хийж ирж. Заримдаа тэд шинэ шийдэл олдог байв. Ингээд чи төрнө. Төрөөд тэдний алдаж онож байж суралцсан бүх л зүйлсийг өвлөн авна. Хүний түүхэн дэх 107 тэрбум хүний хамтын мэдлэг, сурсан зүйлс чамд уламжлагдав. Энэ бол чиний хүлээн авах хамгийн агуу бэлэг. Чи өөрийн авьяас чадалтайдаа ухаантай байгаа бус, харин тэрхүү хамтын мэдлэгийн ачаар ухаантай байгаа юм. Түүхч Ниал Фергусоны тэмдэглэсэнчлэн “Биднээс өмнө амьдарч байсан хүмүүсийн тоог одоо амьд байгаа хүмүүстэй харьцуулбал 14:1. Хэрвээ бид хүн төрөлхтний үлэмж олонхын хуримтлуулсан мэдлэг туршлагыг үл тоовол өөрсдөдөө л гомдоно.”
Жэймс Клир
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо