Товшлол #63: Сайн асуултаас сайн хариулт ургана
Сүүлийн Товшлол дээр би асуулт гэсэн хэсэг нэмсэн. Яагаад тэгснээ энэ бичвэрээр тайлбарлая.
САНАА
Нэг ажиглалт: Бид асуулт гэх чухал зэвсэгтэйгээ заримдаа мартчихаад байдаг юм шиг. Райан Холидэйн жиргэсэнчлэн “Нөхцөл байдал бүрд амьдрал биднээс асуулт асууж байдаг. Бидний үйлдэл хариулт нь болдог” ч бид тэдгээр асуултад хариулж байгаагаа ухаарахгүйгээр, амьдрал надаас ийм зүйл асууж байна даа гэж тухайлж бодохгүйгээр хийх хэрэгтэй гэсэн зүйлсээ хийгээд, зөв гэснээрээ шийдээд явдаг.
Асуулт тавихын чухлыг ихэд онцолдог нөхөд гэвэл Тим Феррис, Жэймс Клир нар байна. Тим Феррис “Миний амьдралыг өөрчилсөн 17 асуулт” гэх нийтлэлээ их хуваалцаж харагддаг. Тэгээд өөрийгөө “question junkie” хэмээнэ. Жэймсийн тухайд бестселлер ном бичихдээ эхлээд өөртөө асуулт тавьсан гэдэг. “Ямар төрлийн хүн бестселлер ном бичдэг юм бэ?” гэж асуугаад 1) Google-дэж, 2) бестселлер авторуудаас асууж. Ингэсний дараагаар юу хийх ёстой нь, ямар дадал хэвшил хэрэгтэй нь тодроод иржээ. Түүний дараа “Бестселлер номууд ямар бүтэцтэй, агуулгаа яаж хуваасан байдаг юм бэ?” гэж асуугаад хамгийн их зарагдсан номуудыг авч харьцуулан судалсан гэх.
Тимийн подкастад орохдоо Жэймс асуулт тавихын чухлыг ийн ярьжээ:
“Хэрвээ чи сайн асуулт асууж чадвал сайн хариулт авна. Асуулт гэдэг өөрөө маш уян чанартай, бүх л хүн орчин нөхцөлдөө хамаатуулан хариулж болдог онцлогтой. Энэ утгаараа асуулт тавих нь зөвлөгөө авахаас өөр бөгөөд магад үүгээрээ илүү үр дүнтэй. Зөвлөгөө бол эсрэгээр хайрцаглагдмал, хүн хүнээсээ, орчин нөхцөлөөсөө хамаардаг зүйл. Хэн нэгэн чамд маш сайн зөвлөгөө өгч болно. Гэвч чиний орчин нөхцөлд нийцэхгүй бол сайн зөвлөгөө болж чадахгүй.”
Үүнийг сонсоод үнэхээр тийм юм байна шүү, асуулт чухал юм байна гэж эрхгүй бодогдсон. Жэймсийн үе үе өөрөөсөө асуудаг асуултуудын заримаас хуваалцъя:
Би юунд хүрэхийг хичээгээд байгаа юм бэ?
Мөнгөний төлөө юу? Илүү эрх чөлөөтэй болохын төлөө юу? Эсвэл илүү бүтээлч байхын төлөө? Энэ асуултыг цааш хөвөрдөөд одоо зөв зүйл хийж байгаа эсэхээ мэдэх боломжтой. Үүний дараа тэр энэ асуултыг тавьдаг:
Миний одоогийн дадлууд намайг хүссэн газарт минь хүргэж чадах уу?
Тийм гэж хариулбал тэвчээр л хэрэгтэй гэсэн үг. Үгүй гэж хариулбал ямар нэг өөрчлөлт хэрэгтэй гэсэн үг.
Энэ зүйл/ажил надад энерги өгч байна уу? Эсвэл энергийг маань шавхаж байна уу?
Хүссэн өөрчлөлтөө хийхэд туслах, тэр явцыг хялбаршуулж өгөх орчин нөхцөлийг би эргэн тойрондоо хэрхэн бий болгох вэ?
Энэ асуулт бол түүний “Atomic Habits” номын гол агуулга болсон асуулт гэж болох юм.
Заримдаа бид энэ мэт асуултыг өөрсдөдөө тавьдаг л байх. Гэхдээ яг цаг гаргаад, өөр хүн биднээс асуулт тавьж байгаа мэтээр сэтгэн, чин сэтгэлээсээ хариулт өгдөг билүү? Ингэж гэмээнэ бид тухайн асуултад хариулт болох зүйлийг дотроо цэгцгүй бодож явснаас хавь илүү мэдрэмж, мэдээлэл авч мэдэх юм.
Жишээ болгох санаатай, би ер нь өөрөөсөө ямар асуулт их асуудаг юм бол гэж бодлоо. Шууд санаанд орж буй нэг асуулт: Ялангуяа шинэ ажил, шинэ зүйл эхлүүлэх үү гэж бодсон (бодох) үедээ миний өөрөөсөө их асуудаг (асуух) зүйл гэвэл “Үүн дээр миний агуурс, хүсэл эрмэлзэл, зах зээлийн хэрэгцээ гурвуул огтлолцож байна уу?” гэсэн асуулт. Өөрийн орчуулсан, Рийд Хоффман, Бэн Каснока нарын “Та өөрөө стартап” номоос маш сайн шингээж авсан санаа л даа. Агуурс гэдэг нь бидний чаддаг зүйл, давуу тал. Хүсэл эрмэлзэл гэхээр ойлгомжтой, би үүнийг үнэхээр хүсэж байна уу. Зах зээлийн хэрэгцээ гэхээр зах зээл надад мөнгө төлөх үү, эрэлт байна уу, Монголд энэ зүйл яг хэрэгтэй юу гэх мэт.
Хүн өөртөө асуулт тавихад бол тэнэг асуулт гэж байхгүй биз. Харин бусдад асуулт тавихдаа бид тэнэг юм асуучих вий гэж их зовдог. Үүн дээр хоёр санаа:
“Асуусан хүн таван минутын турш л тэнэг болно.
Асуугаагүй хүн харин үүрд тэнэгээрээ үлдэнэ.”
(олон сурвалж өөр өөрөөр хэлсэн бололтой)"Тэнэг сонсогдож магадгүй ч асуулт асуухаас хэзээ ч бүү ай. Учир нь бусад хүн бараг л бүх тохиолдолд, магадгүй 99 хувьд нь тантай ижил зүйл бодож суудаг ч зүгээр л асуухаасаа ичдэг юм."
— Кевин Келли
Асуулт
Би юунд хүрэхийг хичээгээд байгаа юм бэ? (What am I optimizing for?)
(Мөнгө олох? Цагт баригдахгүй ажиллах? Илүү бүтээлч байх? гэх мэт.)
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо