Товшлол #64: Сонголтын илүүдлээс хэрхэн зайлсхийх вэ?
Товшлол маань жар гаруй бичвэрийн дараа 1000 давсан уншигчтай болжээ. Энэ их мэдээллийн шуурган дунд миний бичвэрийг сонирхож уншдаг та бүхэнд баярлалаа. Мянгат болсон юм чинь гээд О.Бүтэдийнхээ хийж өгч байсан ковер зургаар гангарлаа.
Яагаад өөр өдөр ирчихэв гэж гайхаж буй бол Товшлолоо яг пүрэв гараг бүр илгээх санаатай. Даваа гараг гэхээр бүтэн сайнд амрах өдрөөрөө бас сууж таараад болдоггүй. Дахин дахин өөрчилж буйд хүлцэл өчье.
Өнөөдөр нэгэн жижиг орчуулга хийснээ хүргэж байна. Яагаад үүнийг орчуулсан гэхээр яг энэ сэдвийн тухай бодож явж байгаад таарсан юм л даа. Өнөө цагт юмс дэндүү элбэг болчихоод түүнээс яаж сонголт хийх вэ гэж зовдог болчихлоо. Бараа таваар, хоол хүнс, мэдээлэл контент гээд бүх л юмс элбэг дэлбэг болчихсон нь нэг талаар таатай мэт боловч бас сөрөг нөлөө их байна.
“Орчин цагийн хүний тархи хэт мотивацилаг, харин бие нь хоол тэжээлээр хахаж, хөдөлгөөн тааруу болсон. Ийм үед бясалгал, дасгал, мацаг зэрэг нь эртний балансыг барина” гэж Навалын жиргэсэн нь нэгийг бодуулна.
Миний хувьд яаж чанартай цөөн сурвалжаас мэдээлэл авч, яаж сайн шингээж авах байх вэ хэмээн нэлээд бодож, тохирсон өөрчлөлт хийх гэж хичээж явна.
САНАА
Сонголтын илүүдлээс хэрхэн зайлсхийх вэ?
Нийтлэлч: Гурвиндер
Элбэг дэлбэгийн энэ эринд, бидний тун энгийн амьдралд зориулагдсан тархи төрөл бүрийн сонголттой байнга тулж, тэр бүхнийг шийдэх ёстой болж байна. Бид сонголтын өмнө хүчгүйдэж, боломжийн хэлхээнд төөрч, хязгааргүй эрх чөлөөнд хүлэгдэх болов.
Төрөл бүрийн судалгаанаас үзэхэд, хүмүүс өдөрт 2.5-3 цагийг оройн хоолонд юу идэх вэ гэх мэт ач холбогдолтой багатай шийдвэрүүдийг гаргахад зарцуулдаг аж. Энэ нь жилээр тоовцол 1000 цаг буюу 40 өдөр болно. Хаана амьдрах вэ, хэнтэй суух вэ гэх мэт том шийдвэрүүдийг тооцохгүйгээр шүү.
Өдөр тутмын сонголтуудын дийлэнх нь ямар кино үзэх вэ, ямар шүдний оо авах вэ гэх мэт ойролцоо ижил зүйлс байдаг. Фредкиний парадоксоор бол, хоёр сонголт ойролцоо байх тусам аль нь байх нь чухал биш болдог ч сонголт нь улам хэцүү болдог. Үүний улмаас бид хамгийн ач холбогдол багатай зүйлсэд ихээхэн цаг зарцуулдаг.
“Буриданы илжиг” хэмээх ойлголт үүнийг тодорхой тайлбарладаг: Домогт нэгэн илжиг хоёр ижил бухал өвснөөс яг ижил зайд байж таардаг. Тэгээд зүүн бухлаас идэх үү, баруун бухлаас идэх үү хэмээн рационал шийдвэр гаргах гэж их хичээсэн ч аль нэгийг нь илүүд үзэх рационал шалтгаан байгаагүй тул дэмий тээнэглэзсээр өлсөж үхдэг бөлгөө.
Буриданы илжиг бидэнд аливаа сонголтыг жинлэх нь өртөгтэй байдгийг, тэр нь мөнөөх сонголтуудын бүгдийнх нь өртгийг даван гарч болдгийг харуулж байна. Тэгэхлээр, бидний сонголт хамгийн зөв, сайн нь байх албагүй, гагцхүү тэрхүү шийдвэрийн үнэ цэн шийдвэр гаргах гэж зарцуулсан цаг хугацаанаас илүү үнэ цэнтэй байх учиртай юм. Хэрвээ бид шийдвэр гаргахдаа бага цаг зарцуулбал гаргасан шийдвэрээ илүү зөв, илүү сайн шийдвэр болгон хувиргахад илүү цаг зарцуулж чадна.
Орчин цагт энэ олон шийдвэрийн учрыг олох хамгийн сайн арга бол “философийн татуурга” (philosophical razors) ашиглах явдал. Татуурга хэмээсэн нь энэ аргачлал сонголтуудыг хусаж, процессыг хялбарчилна гэснийх юм.
Гэхдээ, сонголт хийхэд туслах “татуурга” дэндүү олон бий. Би тэдгээрээс нэлээд олныг ашиглаж үзсэн ч ихэнх нь үр дүнтэй байгаагүй буюу нэг бол буруу шийдвэрт хөтөлж, нөгөө бол өдөр тутмын шийдвэрт ашиглахад хэтэрхий ярвигтай байсан.
Эдгээрээс нь цөөн нь л сайн нөлөөтэй байв. Энд би өөрийн их хэрэглэдэг тавыг хуваалцъя:
1. “Өгсүүр” шийдвэр
“Хэрвээ адилхан хэцүү хоёр сонголттой тулаад гацчихвал богино хугацаанд илүү хэцүү, илүү зовлонтой байхыг нь сонго.”
Хүмүүс “temporal discounting” буюу богино хугацааны үр дүн/зовлонг хэтрүүлэн үнэлэх, урт хугацааны үр дүн/зовлонг дутуу үнэлэх хандлагатай байдаг. Хэрвээ шийдвэр богино хугацаанд хэцүү санагдвал чи зовлонг нь хэтрүүлэн үнэлж байх магадлалтай. Тиймд хугацааны алсаас шалтгаалаад зовлон багатай мэт санагдах сонголтыг бус одоо хэтрүүлэн үнэлж байх магадлалтай, илүү зовлонтойг нь сонго.
2. Хоёр минутын дүрэм
Оюун санаан дахь хийх зүйлийн жагсаалтдаа 2 минутанд хийчих ажил нэмээд, ой тойндоо хадгалаад л, хийгээгүйгээс үүдэх шаналлыг тээгээд л явах нь одоо түргэн хийчихээс хавьгүй их хүчин чармайлт шаардана.
Шийдээгүй асуудлууд араас чирэгдэж цаг, анхаарал, тайван амгаланг чинь хорооно. Яль шалихгүй шийдвэрүүдийг бол түргэхэн гаргаж ачаагаа хөнгөлөөд, илүү чухал зүйлсэд зай гаргах хэрэгтэй.
3. Соломоны парадокс
“Шийдэж чадахгүй бол, найздаа шийдэж өгч буй мэт сэтгэ.”
Бид өөрсдийнхөөсөө илүү бусдын асуудлыг шийдэж өгөхдөө сайн байдаг, учир нь өөрийгөө асуудлаас салгаж тусгаарлах нь түүнийг зөв оновчтой харахад тусалдаг гэсэн ажиглалт, дүгнэлтийг Соломоны парадакс гэнэ. Гэсэн ч энэ нь бидэнд заавал өөр хүн хэрэгтэй гэсэн үг биш. Судалгаанаас үзэхэд, хөндлөнгийн хүний нүдээр хараад асуудлыг адилхан зөв оновчтой дүгнэх боломжтой байдаг гэнэ. Тэгэхлээр, ийм дилемматай тулбал асуудал сайн найзад чинь тохиолдсон гэж сэтгээд ямар зөвлөгөө өгөх байснаа бодоорой.
4. Тээнэглэзлээр нягтлах
“Шийдэж чадахгүй байвал хариулт нь Үгүй гэсэн үг.”
Элбэг дэлбэгийн энэ эринд шинэ сонголтууд алхам тутам бий болж байна. Сонголт бүр алдагдсан боломжийн өртөгтэй тул үнэхээр хүсэж буй боломжуудынхаа араас л явахгүй бол гарцаагүй Тийм гэж хариулах боломжуудыг алдана л гэсэн үг.
Энийг бол шийдвэр гаргах бусад аргууд болоогүй үед сүүлийн арга болгон ашиглавал зүйтэй. Бусад сонголтууд боломжтой байгаа нөхцөлд энэ аргыг хэрэглээрэй. Ямарваа шалтгаанаар өөр сонголтууд байхгүй байгаа үед харин урвуу байдлаар нь ашиглаж болно: “Сонгож чадахгүй байвал хариулт нь Тийм гэсэн үг.”
5. Харамслаа багасгах
“Санаа бодлыг нь хамгийн ихээр сонсох ёстой хүн бол ирээдүйн чи.”
Өөрийнхөө ирээдүйгээс асуудлыг харах нь тун ч хүчтэй нөлөө үзүүлдэг. Асуудлыг одоогийн өөрөөс холдуулж байгаагаараа Соломоны парадоксыг, урт хугацаан дахь нөлөөллийг нь харж байгаагаараа Өгсүүр шийдвэртэй нэгтгэсэн маягийн арга юм.
Үүнийг ашиглах нэг арга бол “10:10:10”: Шийдвэр чамд 10 минутын дараа, 10 сарын дараа, 10 жилийн дараа яаж нөлөөлөх вэ гэдгийг бодож үзнэ гэсэн үг. Ялангуяа донтолт, муу зуршилтай тэмцэхэд тун үр дүнтэй шүү. Жишээ нь, чи хоолны дэглэм барьж буй ч шоколадтай кекс идмээр санагдаад тун болдоггүй гэж бодъё. Тэгвэл 10 минутын дараа юу мэдрэхээ бод. Тэр үед шоколадны амт чамаас хэдийн хулжин одоод зөвхөн гэмшил л мэдэрнэ. 10 сарын дараа ийм зүйл идсэн гэж санах ч үгүй. Ингэж одоогийн агшны гадна гарснаар чи өөрийгөө богино хугацаанд баярлуулахаас татгалзаж чаддаг болно.
Цаг хугацаагаар том үсрэлт хийж чаддаг байх нь том шийдвэрүүдэд ч үр дүнтэй. Амазон гэгдсэн бизнесийг эхлүүлэх үү, яах вэ гэдгийг шийдэж ядан байсан үедээ Жефф Безос өөрийгөө 80 настай болоод амьдралаа эргэн харж байгаагаар төсөөлсөн байдаг. Тэр үед Безос юунд хамгийн их харамсахаа ойлгосон нь бизнесээ эхлүүлээд бүтэлгүйтэх бус эхлүүлэхгүй орхих л байжээ.
Ирээдүйн хаа нэгтээ ирээдүйн чи одоогийн өөрийгөө нэгэн дурангаар харж суугаа. Тэрхүү дуран нь шаналал харамслынх байх уу, сайшаал дурслынх байх уу, одоо чиний юу хийхээс шалтгаална.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо