Товшлол #65: Мартамхай, дүйнгэ Монтэнь
Өнөөдөр шинэ юм бичиж чадсангүй. Гэхдээ алгасахгүйн үүднээс “Хэрхэн амьдрах вэ?” номоос багавтар хэсгийг тавьчихъя. Над шиг мартамхай, удаандуу хүмүүст бага ч гэсэн тайвшрал өгдөг хэсэг байгаа юм.
Дөрөвдүгээр бүлэг. Их унш, ихэнхийг нь март, жаахан дүйнгэ бай
…
Монтэнь ном барьж авах бүрдээ тэр дороо уншсанаа бараг бүгдийг нь мартчихдаг гэдэг. “Ой тогтоолт гэдэг үнэхээр хэрэгтэй эд шүү. Түүнгүйгээр аливааг шүүн тунгаах хэцүү” хэмээн бичиж байв. Харин өөрт нь тийм чадвар ерөөс үгүй гэх аж.
Ой тогтоолтын тал дээр надаас муу хүн үгүй дэг ээ. Тийм юм миний дотор огтоос байхгүй юм шиг. Надтай адил ийм аймшигтай сааталтай хүн үгүй болов уу.
Энэ нь тун ч хяслантай хэрэг байлаа. Морь унаж явахад таарсан ч юм уу, тэмдэглэж авах цаасгүйдээ хамаг сонирхолтой санаагаа харсаар байгаад алддагтаа уур нь хүрдэг байв. Зүүдээ ч бас санадаг бол сайн сан. Теренцийн бичсэнчлэн “Би тэр чигтээ онгорхой, бүх талаараа цоорхой” хэмээн тодотгож байв.
Монтэнь ой муутай хүмүүсийг өмгөөлөхөд ямагт бэлэн. Македонийн Александрын эсрэг боссон хэмээн буруутгагдсан бүхэл бүтэн армийг өмгөөлөх үүрэг хүлээсэн Линцест хэлэх үгээ цээжилсэн боловч олны өмнө гарч хэдхэн үг хэлээд сандарсандаа үлдсэнийг нь мартчихжээ. Ээрч муурч байтал хажууханд нь зогссон хэдэн цэрэг тэвчээр алдраад жадаараа сүлбэчих нь тэр. Гэм буруутай болохоороо ярьж чадахгүй саатаад байна гэж тэд үзжээ. “Тэгж бодох нь аргагүй шүү дээ” хэмээн Монтэнь ч дуу нэгтэй зөвшөөрчээ. Ой тогтоолтоо хэт ачаалбаас дарамт ирэхэд их ачаа үзсэн морь үргэх адил хамаг тээшээ хаячихдаг ажээ.
Амь амьдрал нь түүнээс шалтгаалж байсан ч хэлэх үгээ цээжлээд дэмий, үүний оронд зөнгөөрөө яривал хавьгүй сонирхолтой гэж үздэг байв. Монтэнь өөрөө олны өмнө гарахдаа хичээгээгүй мэт ярихыг хичээх бөгөөд “урьдчилж судалж, давтаагүй, тухайн мөчид төрсөн мэт сэтгэгдэл төрүүлэхээр үйл хөдлөл ашигладаг” гэнэ. Хэлэх санаануудаа эрэмбэлэхээс (Одоо үүнийг шийдвэрлэх зургаан аргыг хэлэлцье г.м) юу юунаас илүү зайлсхийдэг байв. Ийм аргыг тэр уйтгартай, бас аюултай гэнэ. Аль нэгийг нь мартчихаж мэднэ, аль эсвэл халиад хэт олныг дурдчихаж мэднэ гээд тэр.
Заримдаа онц сонирхолтой, эсвэл маш чухал гэсэн мэдээлэл ой ухаанаас нь арчигдчихдаг байв. Нэг удаа түүнд Францын колоничлогчдын Бразилаас авчирсан тупинамба омгийнхонтой уулзах завшаан тохиожээ. Монтэнь Францын талаарх бодлыг нь асуухад тэдний өгсөн гурван хариулт бүгд түүний сонирхлыг ихээр татсан боловч дараа нь эсээндээ бичих гэтэл нэгийг нь ч санаагүй аж. Заримдаа бүр ч долоон дор. Түүний хамгийн хайртай хүн болох Ла Боэсийн үхлийг дурсан бичсэн захидалдаа найзынхаа сүүлчийн үг, үйлдлийг бүрэн санахгүй байгаагаа хүлээсэн байдаг.
Монтэнь дутагдлаа ийн хүлээсэн нь уран илтгэх, ярих чадварыг бүхнээс илүүд үзэж, илтгэх чадвар оюун ухааны хэмжүүр болдог гэсэн санааг хүлээн зөвшөөрдгийнх. Энэ нь харин илтгэх чадвар бол өөрийн дүгнэлт нотолгоог дэс дараатайгаар цээжилж, часхийсэн эшлэл, жишээгээр чимэхийн нэр хэмээдэг Сэргэн мандлын идеалаас эрс зөрж байлаа. Цээжлэх урлаг буюу “ars memoriae”-г шүтэгчид олон цагийн илтгэлийг угсруулан цээжлэх арга барилд суралцаж, энэхүү арга техникүүдээ бүр гүн ухааны бүхэл бүтэн курс болгон хөгжүүлдэг байв. Монтэнь үүнийг огтоос ойшоодоггүй байв.
Монтэнийн ой тогтоолт өөрийнх нь хэлж байгаа шиг муу гэдэгт уншигчид анхнаасаа л итгэсэнгүй. Үүнд Монтэнь бухимдаж бүр энэ талаар гомдоллосон нь ч бий. Тэгсэн ч уншигчид нь итгээгүй, уншсан зохиолуудаасаа авсан үй түмэн эшлэлээ тогтоох гэж зовсон шинжгүй байна гэлцжээ. Эсээнд орсон олон эшлэл дунд “ёроолгүй сав шиг” байх тухай эшлэлүүд бас бий. Амьдрал дээр Монтэнь хэлсэн шигээ “ёроолгүй” ч байгаагүй, залхуу ч байгаагүй. Хэрэв тэр уншсан эшлэлүүдээ үнэхээр тогтоож аваагүй бол бүгдийг нь тэмдэглэж авсан гэсэн үг шүү дээ. Зарим хүн үүнд нь бүр уурладаг байв. Түүнтэй ойролцоо цаг үед амьдарч байсан яруу найрагч Доминик Бодье ой тогтоолтын тухай Монтэнийн халаглалуудыг уншаад “хөх инээд нь хүрч, бөөлжис цутгадаг” гэжээ. Хурц байгаа биз. XVII зууны философич Мальбранш номыг нь уншихаар Монтэнь түүнд худлаа яриад байгаа юм шиг санагддаг гэжээ. Өөрийнхөө шударга шулуухныг үргэлж тодотгодог байсан Монтэнийн тухай гэхэд ноцтой дүгнэлт шүү.
Гэхдээ энэ оргүй дүгнэлт байсангүй. Монтэнийн ой тойндоо хадгалсан нь хэлснээс нь лавтайяа илүү байж таарна. Тогтоон сурах чадвараа голно гэдэг төгс бус хүний оршихуйн өгөгдөл билээ. Тэгээд ч дарамт шахалтгүй өсөж, өөрийгөө хүчилж огтоос сураагүй Монтэнийн ой ухаан сахилга батгүй байхыг ойлгож болох. Гэхдээ энэ тал дээр илэрхий даруу загнасан нь өөр чанарыг илүү чухалчилсны нууцхан илрэл байж мэднэ. Шударга байхыг чухалчилдаг байсан нь ёж ч юм шиг. Ой муутай хүмүүс худлаа ярьж чаддаггүй гэх эртний мэргэдийн үг бий. Монтэнь ярих зүйлээ ой санахуйдаа тогтоох чадваргүй гэдэг чинь үнэнээ ярьдаг гэсэн үг. Ой муутай учраас яриа нь ч, хошигнол нь ч товч байв. Урт юм тогтоож чаддаггүй байсны хүчинд шүүн тунгаах чадвар нь сайжирчээ. Ой санамж сайтай хүмүүсийн бодол санаа цэгцгүй байдаг бол юу ч хадгалдаггүй түүний тархи цэвэрхэн саруул аж. Хүмүүс үл хүндэлж, доромжлоход дорхноо мартчихдаг учраас бусдад муу санах нь бараг үгүй. Товчхондоо тэр амьдрал дундуур сайн сайхнаас өөрийг бодолгүй, аясаар нь хөвсөөр туулсан гэх дүр зургийг бүтээсэн юм…
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо