Товшлол #66: Өөртөө зорихуй
Оливэр Буркеманы ньюслеттерээс дамжаад Дан Шипперийн “Илэрхий зүйлийг хүлээн зөвшөөрөхүй” нийтлэлийг уншлаа. Энэхүү бичвэртээ тэр хүмүүст элбэг тохиолддог нэгэн хандлагын тухай буюу эргэн тойрны хүмүүст маань ил тодорхой байдаг хэр нь бидний өөрсдөө бүрэн хүлээн зөвшөөрдөггүй үнэн зүйлсийг хүлээн зөвшөөрөх тухай бичжээ. Уг бичвэрийг өөрийн үгээр сийрүүлэн хүргэе.
САНАА
Илэрхий үнэнийг хүлээн зөвшөөрөхүй
Илэрхий үнэнийг огоорох нь үлэмж зардалтай. Ийн огоорох нь өөрийгөө дарж, бодит байдал дээрх өөрийн хэн болох, юу хүсдэгээс гажна гэсэн үг. Энэ нь чамд болон эргэн тойрныхонд чинь ихээхэн цагийн гарз болно.
Эсрэгээр илэрхий үнэнийг хүлээн зөвшөөрөх нь хүлээсийг чөлөөлж, урам зориг өгнө. Гэвч хүлээн зөвшөөрөх нь аймаар. Заримдаа, үр дагавар нь үнэхээр бэрх санагддаг тул илэрхий үнэнийг олж харах хэцүү байдаг.
Энэ явдал надад саяхан тохиолдсон юм. Эргэн тойрныхонд маань магад илэрхий байсан ч, өөрт минь тийм биш байсан үнэнийг би хүлээн зөвшөөрсөн юм: Би бол бичээч. Тун ойлгомжтой юм яриад байгаа тул хошигноод байна уу ч гэж санагдаж болох юм. Би өөрийн эхлүүлсэн ньюслеттерт долоо хоног бүр нийтлэл бичдэг шүү дээ. Тийм ээ, би бичээч.
Гэвч энэ бол миний хувьд мөнөөх илэрхий үнэн зүйлсийн нэг. Би үүнийг эцэстээ хүлээн зөвшөөрсөндөө баяртай байна. Хэрвээ чамд тийм үнэн зүйлс байдаг бол түүнийгээ хүлээн зөвшөөрөөрэй.
Яруу найрагч Роберт Блай бид хаа явсан газраа нэгэн үл үзэгдэх тор чирж явдаг гэж бичсэн нь бий. Хүүхэд наснаасаа эхлэн бид тэр торыг өөрсдийн маань хувьд үнэн, тийм шинж чанар, дур сонирхлуудаар дүүргэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бидний мэдрэмжид, хүсэл сонирхолд нийцдэг боловч эргэн тойрныхон маань хүлээн зөвшөөрдөггүй тийм зүйлсээр дүүргэж эхэлдэг.
Аав ээжээс энэ бүхэн эхэлнэ: “Хоол идэж байхад чимээ бүү гарга”, “Манай гэрт зөвхөн бэйсбол л тоглоно” гэх мэт. Тэгээд багш нар: “Чи хичээх л юм бол математикт сайн болно” гэх мэт. Ахлах сургуульд найзууд, үеийнхэн бидэнд нөлөөлнө: “Наадах чинь арай хэнхэг үү”, “Чи энийг хөөгөөд карьер хийхгүй ээ” гэх мэт. Энэ мэт тохиолууд биднийг өөрсдийн нэг хэсгийг өнөө торонд хийхэд хүргэдэг. Тэр торон дахь зүйлс бол бидний хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа, үл тоохыг эрмэлзэж буй илэрхий үнэн зүйлс юм.
Миний хувьд өөрийгөө бичээч гэдгийг бүрэн зөвшөөрч чадахгүй тэр торонд хийхийг оролддог байв. Энийг хүлээн зөвшөөрөх нь энтрепренер, үүсгэн байгуулагч гэсэн хувь шинжийг (айдентити) маань үгүйсгэчих юм шиг, амжилттай компани үүсгэн байгуулах боломжийг маань арилгачих юм шиг, карьертаа олох мөнгийг маань таначих юм шиг санагддаг байв.
Тиймээс, би бол бичих дуртай энтрепренер, үүсгэн байгуулагч гэж өөртөө итгүүлэхийг оролддог байлаа. Үүний жишээ нь би сүүлийн бизнесээ зарсны дараа Every-г үүсгэн байгуулсан юм. Every стартап мөн хэдий ч өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бичээчийн ажлаа нууцхан хийх боломжийг надад олгосон. Стартап эрхлэхийн бүх л үе шатанд би дуртай боловч бичих л миний хамгийн дуртай зүйл юм.
Ингээд би бол бичээч хүн юм байна, бизнес босгох дуртай бичээч юм байна гэж эцэстээ хүлээн зөвшөөрсөн минь намайг чөлөөлж, бас илүү сайн бичээч болоход тусалж байна. Гайхмаар нь энэ шийдвэр бас бизнесийн ажилдаа илүү сайжрахад ч нөлөөлж байх шиг.
Чи хүсэж буй хэдий ч бүрэн гүйцэд хийхгүй байгаа зүйлдээ хэзээ ч онцгой сайн болохгүй. Чи үргэлж л тэр зүйлээ хагас хугас хийх болно. Алив зүйлд онц гаршихын тулд бүх л хүчээ зориулах хэрэгтэй.
Өөрийгөө бичээч гэж хүлээн зөвшөөрснөөс хойш би бичихүйн ур ухаанд өөрийгөө бүрэн шидэж өгөв. Ингэснээр сайн ном бичвэрүүдийг байнга уншиж, байнга тэмдэглэх болов. Өөрийн бичихийг хүсэж буй сэдвүүд, эзэмшихийг хүсэж буй ур чадваруудынхаа жагсаалтыг гаргав. Долооног бүр бичвэр нийтлэх хуучны хэмнэлдээ дахин оров. Одоо бол хийхийг хүсэж буй зүйлсэд минь цаг хугацаа юу ч үгүй багадаж байгаа мэт санагдахын сацуу бичих чадвар маань урьдынхаас хавьгүй дээрдсэн мэт санагдах боллоо.
Мөн мөнөөх үнэнийг хүлээн зөвшөөрсөн цагаас хойш би яг ийм замаар замнасан өөрийн баатруудыг олж эхэлсэн юм. Үнэнийг хүлээн зөвшөөрмөгц даган дуурайх жишээнүүд аяндаа гарч ирдэг юм байна. Өмнө нь олон л хүн ийм замаар урагшилж байж.
Every-г эхлүүлснээс хойш би одоогийнх шиг ийм сэтгэл хангалуун, догдлолтой, цэгцтэй зөв яваа мэт мэдрэмжийг амсаж байсангүй. Тэгмэгц аяндаа би яагаад өмнө нь хүлээн зөвшөөрөөгүй юм бэ, яагаад ингэж удав гэсэн асуулт тодрох аж.
Илэрхий үнэнийг хүлээн зөвшөөрнө гэдэг айдастай харайлт. Энэ бол өөрийн юу хүсэж байгааг бодолцсон шийдвэрүүдийг гаргана гэсэн үг. Би юу хүсэх хэрэгтэй вэ гэж бодохтой, бусад хүмүүс чамаас юу хүсэж байгаатай амьдралаа уяхгүй гэсэн үг. Энэ нь заримдаа өндөр статустай дардан замыг бус нам статустай тахиралдсан замыг сонгохын нэр байдаг.
+++
Уг нийтлэлийг товчлоход ийм байна. Үүнээс санаа аваад Оливэр Буркеман мөн “Becoming who you are” гэсэн нийтлэл бичиж. Энэ үгсийг цөөн үгээр орчуулахад амаргүй юм. Эхэнд дурдсанчлан бид хэн байх ёстойв, ямар байх ёстойв, тийм хүн болох; тэр төсөөлөл, тэр стандартдаа хүрэх гэсэн санаа юм даа. Англиар нь уншаад та бүхэн тайлбарлалтгүй ойлгож буй байх. Оливэр Буркеман тэгээд ингэж бичиж:
“Бичээчийн хувиар, ер нь амьдралдаа олсон миний нэг том нээлт бол:
Бүтээлч ажилд дорвитой ахиц гаргах нь, энэ үйл явцыг халширч биш хангалуун давж туулах нь угтаа чи өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөртөө зорьж байна уу гэдгээс ихээхэн хамааралтай.”
Эдгээр нийтлэл надад тун онцгой санагдсан нь магад зарим зүйл дээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай яг бодож эргэцүүлж явсных байх. Янз янзын сонирхолтой, хэд хэдэн юм хийдэг хүн бишгүй олон. Зарим хүн тэрийгээ нэг их бодож асуудал болголгүй зохицуулаад болоод байдаг, заримд нь Дан Шипперийн бичсэн шиг айдентитигийн асуудал болж хүзүүгээр татах үе ч гарна. Миний хувьд, зарим илэрхий үнэнийг хүлээн зөвшөөрч, ажил үйлсийн номер нэг эрэмбээ тодорхой болгох нь тухайн зүйлдээ онцгой сайжрах, үлгэр дуурайл авах хүмүүсийг олох тал дээр маш чухал гэдэгтэй бүрнээ санал нийлэв.
АСУУЛТ
Таны торонд юу юу байна?
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо