Хэдэн жилийн өмнө би зарим ойрын хүмүүсээс өөрийнхөө тухай асуухад нэг ийм хариулт ирсэн юм. Ажлын хүн маань миний сайн талыг магтаад “Та бас өөртөө, гараас гаргаж байгаа бүтээлдээ, ажилдаа өөрийн мэдэлгүй нэлээн өндөр шалгуур тавьчихдаг, тэрнээсээ сүрдээд гэх юм уу жаахан хойш суугаад байдаг байж магадгүй” гэсэн байж билээ.
Яг л тэр хүний анзаарсанчлан зарим зүйл дээр би perfectionist юм шиг байгаа юм. Сүүлийн үед зарим нэг зүйл дээр энэ онцлог маань их л хорлонтойгоор нөлөөлж буйг анзаарлаа гэх үү, эцсийн эцэст өөртөө хүлээн зөвшөөрлөө гэх үү, бас л сүрхий дүгнэлт хийчихээд хямдгүй амьтан сууж байна.
Тийм ч учраас өнөөдөр perfectionism буюу төгсөд тэмүүлэхүйн тухай Филадельфийн их сургуулийн профессор, сэтгэл зүйч Адам Грант юу гэж бичсэнийг хураангуйлахаар шийдлээ.
САНАА
Домогт залуу хархүү Японы цайны ёслолыг сурахаар нэгэн мастерыг зорьдог. Мөнөөх мастер түүнийг шалгахаар өөрийн цэцэрлэгийг цэвэрлэхийг хүсжээ. Хархүү хогийн ургамлуудыг түүж, навч юуг хамж, цэцэрлэгийг толийтол цэвэрлээдэхэв. Тэгээд ажлаа хүлээлгэж өгөхийн өмнө эргэн нягталтал нэг л юм дутуу санагдаад болсонгүй. Тэгмэгц ойролцоох интоорын модонд дөхөж очоод салаа мөчрүүдийг сэгсрэн цэцгийн дэлбээнүүдийг газар унагажээ. Ингэж төгс бусын сайхныг мэдэрч эрхэмлэж буйгаа харуулснаар ирээдүйд өөр шиг нь мастер болж чадахаа нотолсон гэдэг.
Японы гоо зүйн уламжлалд төгс бусын сайхныг эрхэмлэх урлагийг wabi sabi хэмээнэ. Энэ бол төгс бусыг зориудаар үүсгэх тухай бус өө сэв зайлшгүйг хүлээн зөвшөөрөх тухай ойлголт юм. Энэ ойлголт өнөөдөр яагаад чухал вэ? Эсрэгээр, төгсөд тэмүүлэх нь бидэнд яагаад сөргөөр нөлөөлдөг вэ?
Төгсөд тэмүүлэгчид гурван зүйл дээр алддаг гэж Адам Грант бичжээ. Нэгд, тэд ач холбогдол багатай жижиг деталиудад машид анхаардаг. Жижиг асуудалд зөв шийдэл олох гэж цагаа гарздаад чухал асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Ухаан нь нэг модоор бүхэл ойг арилжчихдаг. Хоёрт, тэд бүтэлгүйтэлд хөтөлж мэдэх хэцүү бэрх, танил бус нөхцөл байдлаас зугтдаг. Улмаар шинэ чадварыг эрэлхийлж хөгжүүлэхийн оронд байгаа ур чадвараа л улам зүлгэж сайжруулсаар байдаг. Гуравт, тэд өөрсдийгөө алдаа хийлээ гэж хатуу зэмлэдэг нь алдаанаасаа суралцах боломжийг үгүй хийдэг байна. Алдаагаа эргэж харахын шалтгаан нь өнгөрсөн дэх өөрийгөө ичээх биш, ирээдүйн өөрийгөө боловсруулахад оршдогийг тэд сэхээрч ойлгодоггүй.
Адам өөрийгөө recovering perfectionist буюу төгсөд тэмүүлэгч байснаа төгс бусад тэмүүлэгч болохоор зорьж буй нэгэн гэх бөгөөд энэ ээдрээт онцлогоо хэрхэн зохицуулж даван туулж ирсэн түүхээ хуваалцсан байсан. Ахлах сургуульдаа усанд үсрэлтийн тамирчин байсан тэрээр шумбахдаа юм болгоныг зөв хийх гэж ихэд адгадаг байжээ. Тэгээд муу үзүүлбэр хийвэл өөрийгөө хатуу зэмлэнэ. Харин энэ үед дасгалжуулагч нь бухимдсан тамирчдаасаа хоёр асуулт асуух дуртай байжээ. “Чи өнөөдөр өөрийгөө ахиулж сайжруулсан уу?”, “Чи өнөөдөр хэн нэгэнд таатай зүйл хийсэн үү?”
Хэрвээ энэ хоёр асуултын нэгэнд л тийм гэж хариулж байгаа бол тухайн өдөр огтхон ч муу өдөр байгаагүй хэмээн дасгалжуулагч нь хэлдэг байжээ. Өөрийгөө ямар байдлаар ахиулах ямар нэг үйлдэл хийсэн бол, эсвэл бусдад таатай мэдрэмж өгөх, таатай санагдах зүйл хийсэн л бол чиний өдөр дэмий өнгөрөхгүй гэсэн нь энгийн атлаа хэрэгтэй сануулга.
Дасгалжуулагчийнхаа ачаар спортын амжилтаа дориyн ахиулсан түүх нь сургамжтай. Төгсөд тэмүүлэхгүй ч гэлээ өөртөө өндөрт стандарт тавих нь өсөлт хөгжлийг авчирдаг. Олон хүн өөртөө өндөр стандарт тавих энэ аргыг “Хамгийн сайн нь байх” зорилгыг “Өөрийн хамгийн сайнаар хичээх”-аар солихтой адилтгадаг ч “Өөрийн хамгийн сайнаар хийх” нь төгсөд тэмүүлэхүйн ерөндөг болж чадахгүй гэж Адам бичжээ. Учир нь энэ зорилго хэтэрхий бүдэг, тодорхойгүй байдлыг үүсгэж, хүчин чармайлтаа хэмжих боломжгүй болгодог. Түүний оронд хэмжихүйц тодорхой, өөрийгөө сорьсон зорилгуудыг тавих хэрэгтэй гэнэ. Хангалттай сорилт бэрхшээл болохуйц үзүүлэлтүүдийг зорилгоо болгосон бэлтгэл нь эцэстээ үр дүнгээ өгч, тэрээр АНУ-ын бүх ахлах сургуулиудын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн тамирчин болж чадсан ажээ. Хэдий Олимпын багт багтах зэрэг бүр өндөр амжилт үзүүлээгүй ч дасгалжуулагч нь түүнд өөрийнх нь дасгалжуулж байсан тамирчдаас унаган авьяасаар тааруу ч хамгийн хол явж чадсан тамирчин шүү гэж хэлэхэд хамгийн ихээр баярлажээ.
Түүний бичвэрээс бас нэг тэмдэглүүштэй санаа бол, төгсөд тэмүүлэгчид нэг л удаа бүтэлгүйтчихвэл тэр чигтээ бүтэлгүйтчихнэ гэж санаа зовдог. Гэвч олон судалгаа үүнийг үгүйсгэдэг байна: Хүмүүс таны ур чадварыг нэг л удаагийн гараа, нэг л удаагийн үзүүлбэрээр хэмждэггүй. Хүмүүс таныг үнэлэхдээ хамгийн муу үзүүлбэрээр чинь бус хамгийн сайн, оргил амжилтаар чинь үнэлдэг. Стив Жобс Lisa нэрт компьютерыг гаргах гээд бүтэлгүйтсэн ч бид Mac-ыг бүтээснээр нь бахархаж, талархдаг шүү дээ. Коби Брайантыг асар олон хожлын шидэлт алдсанаар нь биш цөөнгүй хожлын шидэлт хийснээр нь дурсдаг.
Түүнчлэн ахиж сайжрах тусмаа бид өөрөөсөө илүү ихийг хүлээж эхэлдэг. Энэ зуураа бага багаар хэрхэн сайжирч байгааг анзаарахаа больчихдог талтай. Иймд бид үе үе цаг хугацааны аялал хийж, хэдэн жилийн өмнөх цэгээс одоогийн өөрийгөө би хэрхэн харах бол гэдгийг санан гаргаж буй хүчин чармайлтаа үнэлж өөрийгөө урамшуулж байх хэрэгтэй.
Ерөөс аливааг сайн хийхэд тэмүүлнэ гэдэг бол бусдын хүлээлтэд хүрэхээс давсан буюу өөрийн стандартад хүрэх тухай ойлголт. Угаас бид хүн бүрийн санаанд нийцэж чадахгүй. Гол нь ‘зөв’ хүмүүсийнхээ урмыг хугалахгүй байхад анхаарууштай. Өөрийнхөө урмыг хугалснаас бусдын урмыг хугалсан нь дээр.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо