Дараах хэдэн санаа сүүлийн үес толгойд их эргэлдэж байгаа юм байна. Илүү цаг гарган гоё бичмээр байвч шалтгалтын өдрүүд дуусаагүй болохоор хурдхан л бичиж орхилоо. Чухал сэдвүүд болохоор дараа сайхан дэлгэрүүлнэ дээ.
САНАА
A sense of belonging - Элгэмсэх мэдрэмж
Өндөр хөгжилтэй оронд ирж сурахаар айдентитигийн тухай их боддог юм байна. Арга ч үгүй байх. Сургуулийн орчин нөхцөл, сургууль соёл, академик түвшнийг хараад Монгол маш урамгүй санагдана. Өчнөөн жил үзсэн англи хэлээ голохоос өгсүүлээд цааш олон юм бодогдоно. Энэ мэдрэмжийг амсах талаасаа би арай орой сургуульд ирж дээ гэж бодсон. (Мэдээж, бүр оройтчихоогүй байх.)
За тэгээд л хүн гэдэг чинь шууд өөриймсөж эхэлдэг юм байна. Манай IU (Indiana University), манай Индиана муж гээд л. Индиана Пэйсерсийг дэмжиж эхлээд л. Sense of belonging шүү дээ. Хэдэн гадаад оюутнуудтайгаа ханьсаад л, ойлголцоно ч гэж жигтэйхэн, хэхэ. Хүн гэдэг чинь хаана ч байсан өөриймсөх зүйлийг хайж явдаг, элгэмсэх мэдрэмжээ эрэлхийлж явдаг юм байна.
Саяхан даа, би эх орон, Монголдоо амьдрах, буцах тухай сэдвээр Болушкагийн бичсэн бичвэрийг уншсан юм. Энэ мэдрэмжийн тухай тун гоё илэрхийлж бичсэн байсан. Сая хайгаад олсонгүй, дараа хуваалцах боломж гарах байх. Тэрийг уншсаны дараа эх орны тухай улам ч их бодсон юм байна. Монголд утааны гамшгаар тогтохгүй бүр тог тасалдаад, бензин хомсдоод байгаа нь энэ мэт бодолд нөлөөлж байгаа нь бас ойлгомжтой.
Зоригтой амьдрах
"The misfortune of decent people is that they are cowards.” Voltaire
”Хүндлүүштэй хүмүүсийн хөөрхийлөлтэй нь тэд хулчгар байдаг.”
Зоригийн тухай бас их бодсоон, ойрд. Зоригтой амьдарна даа гэж бодож, өөртөө хэлдэг болсноо анзаарсан. Яг ингээд ил зарлаад явдаг зүйл мөн эсэхийг мэдэхгүй ч мэдрэмжээ хуваалцмаар санагдав.
Урвуугаар бодъё л доо. Насны эцэст амьсгал хураах гээд хэвтэхдээ би юун юунд харамсаж болох вэ? Зориглож эхлүүлээгүй үйлсдээ, зориглож хөдлөөгүй, хэлээгүй зүйлсдээ их харамсах байх. Тэгвэл одооноос л түүнийг хийх ёстой биш гэж үү. Урвуугаар бодохуй #2: Монголд өнөөдөр юу дутагдаж байна? Сэхээлэг хүмүүсийн зориг. Тэгвэл бизнес өнцгөөс бодъё, тэр эрэлттэй бүтээгдэхүүнийг би нийлүүлбэл зарагдана шүү дээ. Хүүхдийн санаа ч юм шиг санагдаж байгаа биз. Гэхдээ үнэн гэж бодном.
Цэгнэн бодохуй - Critical/clear thinking
"Clear Thinker" is a better compliment than "Smart." Naval Ravikhant
“Саруулаар сэтгэгч гэдэг бол ухаантайгаа гэдгээс илүү магтаал.”
Саяхан даа, нэг эмэгтэй “Монголчууд бол ул мөргүйчүүд” гээд маш уянгалаг пост хийсэн. Хүмүүс хуйлран share-лээд байхаар нь сэтгэгдлээ бичсэн юм:
Энэ постыг хүмүүс маш их түгээж байна шүү. Тэгэх тусам нь сэтгэгдэл бичмээр санагдав. Их уянгалаг пост байна. Зэрвэс уншаад өнгөрөхөд нээрээ л сайхан хэлж гэмээр. Гэхдээ жаахан бодоод үзье. Өнөөдөр бид ямар нийгэм бүтээв? Энд бичсэн шиг, өтлөх тусмаа унь ханаа цөөлж, уух идэхээ танаж, оршихуйгаа цэгцлээд оддог философитой нүүдэлчид яаж амьдарч байна? Ерөөсөө бидний бодол сэтгэлгээ, философи болохгүй болоод л ийм ядруу, хулгайд идэгдсэн нийгэм бүтээчихээд байгаа юм биш үү гэсэн сөрөг аргумент гаргаж болохоор байна. Магадгүй бид нүүдэлчин байсан болоод л, нэг их ухаантай, байгальд ээлтэйдээ бус амьдралын хэв маяг маань тийм байсан болоод л энэ хүний бичсэн шиг амьдарч байсан юм биш үү? Өөрсдийг маань "шидсэн", эгог маань тэтгэсэн пост бичихээр бид дуртай нь аргагүй шэйрлээд байгаа юм биш биз? Өөрсдийнхөө дутагдлыг хөнгөхнөөр зөөллөж байна шүү гэсэн постыг харсан зарим хүн хөдөөний амьдралын тухай л бичсэн байхад сүртэй шинжлэх ухаан мухаан ярих юм гэж сөргөсөн хариултууд ч явж байна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, сүүлийн үед би ийм хэт уянгалсан зүйлс манайд огт хэрэггүй юм байна гэж боддог болсон. Нэг нийтлэлчийн Твиттер танилцуулгад нь "Миний романтизм дууссан" гэсэн үг байдаг санагдана, бидний юмыг сууриар нь шийдэхийг боддоггүй, яаж ийгээд аргалах гэдэг байдлаас үүдэн нийгмийн асуудлууд ар араасаа цувж, бүр хямралын дээд түвшиндээ хүрээд байхад өөрсдийгөө өргөсөн юм хум бичихээсээ ичиж, санаа зовдог болжээ, үнэндээ. Романтизм нь дууссан юм байлгүй. Яг өнөөгийн энэ цаг үед байна аа, монголчууд давуу талаа ярьдаг байхаас илүү сул талаа хэлэлцдэг, өөрсдийгөө голдог байх нь илүү чухал байна.
Эндээс хэт уянгалах, танил талаа бодож бурууг нь өөгшүүлэх эсвэл хэлээ хазаж өнгөрөх, аливаа постоор эгогоо тэжээх зэрэг буюу аливааг тал талаас нь цэгнэж, ташаарсан хандлагагүйгээр, эрүүл саруулаар бодохуйн эсрэг сэтгэлгээ манайд дэндүү хавтгай байгаад нь дэндүү амархан харагдаж байх шиг. Бид дабл стандарт гэж орилдог. Гэвч зүгээр л эс үйлдлээрээ, эсвэл танил гэдгээрээ бид өөрсдөө дандаа дабл стандарт хийж байдаг. Одооноос ерөөсөө үүний эсрэг явъя, үг хэл, үйлдлээрээ цэгнэж бодохуйг, саруул сэтгэхүйг эрхэмлэж явъя гэж өөртөө хэлж байна. Ингэж бодоод зарим нэг танилынхаа постод санал нийлэхгүй байгаагаа хэлж бичиж үзсэн. Хэлж үзсэн гэхээр инээдтэй санагдаж магадгүй, учир нь би саяхныг хүртэл бүх л хүнтэй эвтэй байхыг эрхэмлэж ирсэн хэрэг л дээ. Гэхдээ, хүнтэй муудаж сурахдаа биш, санал нийлэхгүй бол хэлдэг, бурууд дуугардаг байя гэсэн санаа юм. Цаашид энэ чадварт улам суралцаж, дадал болгох юм шүү.
Imperfection - Төгс бустай найрсахуй
Өмнөх товшлолд хэлж байсан даа, төгсөд тэмүүлэгч хандлагаа орхимогц тайвшралыг их авч байна гэж. Маш тайван, сэтгэл тэнэгэр өдрүүд үргэлжилсээр байна. Өөртөө зөөлөн байж сурч байгаа юм болов уу, хөөрхий.
Тэгээд Товшлолынхоо монгол хэлээрх тодотгол хэсгийг жаахан өөрчлөв:
“Өөрийгөө нягтлахуй, бүтээхүй, зориглохуйн талаарх пүрэг гараг бүрийн бичвэрүүд”
In English: My weekly musings on a more examined life.
ГОЁ
Америкуудын зарим зүйлсийг егөөдөж байгаагаар нь Хасан Минажтай нэг элгэмсчихье. Маш авьяастай комедиан юм аа.
Жимми Фаллоны шоунд орсон бичлэг нь: Үзэх
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Таны бичвэрүүдийг шимтэн уншиж эхэлсэн, үргэлжлүүлэн уншина аа.
Баярлалаа.