Товшлол #75: Хэдэн тоо, хэсэгхэн Кафка
2023 онд товшлолоо тууштай, (бараг) алгасалгүй бичив. Заримдаа цаг шахамдуу болдог ч энэ бичвэрээ бичээд илгээхдээ би баяртай байдаг юм. Тийм болохоор яаж ийгээд л илгээдэг ба сүүлдээ ч хурд сайжирч байна. Товшлол долооногт минь хэв бүтэц нэмээд, цагийн менежмент талаасаа ч эерэг нөлөө үзүүлдэг. Ирэх онд хэчнээн зав муутай болсон ч таслахгүйг хичээнэ ээ.
Оны отгон товшлолдоо, та бүхнийг шинэ оноо эхлүүлэхдээ, төлөвлөгөө юугаа гаргахдаа санаасай бодоосой гэсэн хэдэн санааг эмхэллээ.
САНАА
“Надад ийм мэдээлэл байсан ч болоосой гэж бодож байна уу. Ойролцоогоор тэр мэдээллийн 70 хувь нь байхад шийдвэрээ гарга. Тухайн мэдээллийн 90 хувийг олж автлаа хүлээвэл чи ихэнх тохиолдолд хоцорчихсон байх болно.”
—Жефф Безос
Imperfection хийгээд хурдан хөдлөхтэй холбоотой санаа. Сүүлийн хэдэн бичвэртээ пэрфэкшин гэж улиглачихав уу. Гэхдээ надад чухал сэдэв болохоор сийхгүй бичээд байгаагийн зэрэгцээ энэ асуудал олон хүнийг бас их бага хэмжээгээр чөдөрлөдөг байх гэж итгэдгийнх юм аа.
“Тэвчээртэй бай. Ямар ч зүйлд, ямар ч талбарт амжилттай карьер хийхэд 10 жил хэрэгтэй.”
—Навал Равикант
Навал бээр юм амархан биш ээ л гэнэ. Аливаа талбарт үр бүтээлтэй, сайн ажиллахад олон жил хэрэгтэй гэдэгтэй санал нэг.
“Надад нэг ийм таамаг байдаг юм: Насанд хүрэгчдийн дийлэнх (75%+) нь аливаа нэг ур чадварыг (гэхдээ спортыг тооцохгүй) барьж аваад, хоёр жилийн турш өдөр бүр давтах юм бол тухай зүйлдээ дэлхийн хэмжээнд топ 10 хувьд багтаж чадна гэж боддог. Гэвч хэнд ч тэгж төвлөрөх боломж, тууштай зан байдаггүй болохоор энэ таамгийн үнэн зөв эсэхийг бид хэзээ ч олж мэдэхгүй биз.”
—Жэймс Клир
Ямар ч зүйлийг хоёр жил байтугай хэдэн сар тасралтгүй хийхэд хэцүү. Энд зүгээр уншихад таатай өгүүлбэрүүд болохоор нь багтаачихлаа :)
Амьдрал 80 хувь байхдаа л жаргал байдаг. 100 хувь болчихвол зовлон болно. Машин ихэдвэл чагтан түгжээ. Нислэг ихэдвэл баахан саатал. Амралтгүй ажиллавал архаг стресс. Ашигт үйл (efficiency) гэдэг тэмүүлбэл зохих зүйл мөн боловч тултал нь хийх нь, явах нь амьдралаас хүчилтөрөгчийг нь салгахтай адил.
—Дэвид Перелл
Again. Not perfect. Good enough.
“Сайн судалгаа хийх нууц бол үргэлж бага зэргийн завтай байх. Хэдэн цагийг гарзаддаггүйгээс болж хүн хэдэн жилийг үрж орхидог.”
—Амос Тверский
За энэ алдартай эрдэмтэн чинь харин айхтар хэлж үү, үгүй юү. Ер нь судалгаанд гэлтгүй бүх л зүйлд хамаатай санаа. Хэдэн цаг гаргаж бай, хэдэн цаг үрж бай. Үгүй бол хэдэн жилийг алдана.
Заримдаа ойлгомжтой зүйлсийг хэлж байх хэрэгтэй. Тэгснээрээ түүнтэй санал нийлэхгүй байгаа ухаангүй хүмүүсийг олж мэдээд холдуулж чадна.
—Пол Грам
Мөн ингэх нь ижил бодолтой хүмүүсийг адил дуугарах сэдэл өгнө гэжээ. Нийгмийн асуудлууд дээр бодууштай санаа юм даа.
“Засаж анагааж болно гэх андуу итгэл үнэмшил чинь л амьдралыг бүр тэвчишгүй болгоод байгаа юм шүү дээ.”
—Зэнгийн багш Чарлотт Жоко Бек
Оливер Буркеман номынхоо оршилд энэ үгийг хадсан нь бий. Өөрөөр хэлбэл, заримдаа зарим зүйл, эсвэл амьдрал тэр чигээрээ засаж болшгүй байж болно гэсэн санаа. Өөр нэг Зэнгийн бичээчийн хэлсэнчлэн, “Байзаарай, угаасаа л ийм байвал яах хэрэг вэ?” Оливерийн нийтлэлүүдийг уншсанаас хойш би бас энэ санааг их бодох болсон. Миний сайжруулах гээд байгаа зарим зүйлс угаасаа л ийм юм биш үү, угаасаа өөрчлөгдөхгүй юм биш үү гэж. Тэгээд зарим зүйлийг орхисон, хойш тавьсан, амар зүгээр. Мэдээж зарим зүйлийг ахиулж сайжруулах гэж хичээлгүй л яахав. Болохгүй байгаа зарим зүйл дээр бол энэ асуултыг тавих хэрэгтэй.
Эцэст нь хэсэгхэн Кафка.
“Цаг хугацаа ахар, миний хүч хязгаартай, оффис гэдэг аймшиг, байр маань чимээтэй. Таатай, дардан амьдрал үнэхээр боломжгүй юм бол нарийн маневр хийж л урагш мөлхөх гэж зорьё доо.”
—Кафка 1912 оны нэгэн захидалдаа ажил хийгээд орчин нөхцөлийнхөө талаар ийн гомдолложээ.
Хөөрхий Кафка. Та бид ч ялгаагүй 2024 онд хөөрхий гэмээр нөхцөл байдалд орох л байх. Тийм үед элдэв арга сүвэгчилж бага багаар л урагшилцгаах юм шүү.
Бүгдээрээ оноо сайхан угтаад, сайхан баярлаарай. Дараа жил уулзъя.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо