Товшлол #77: Өдөр бүр өнөөдөр
Дэйл Карнегийн номуудын дээр үеийн орчуулгууд сайн шүү. “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” гээд соньхон үгээр орчуулсан байгаа юм. Тэгснээ гурав дахь ботийг нь харин “Яаж санаа зовохгүйгээр тайван амьдарч эхлэх вэ?” гэж. Тэгш хэмд дуртай тархинд минь ижил форматтай нэрсийг өөрөөр буулгасан нь тиймхэн.
Санаа зовохгүйгээр тайван амьдарч эхлэх тухай гуравдугаар ботийг нь хоёрдугаар курсэд эмнэлэгт байхдаа уншсан санагдана. Тэр жил ходоод суначихлаа гээд эмнэлэгт хэвтэж зүү тавиулсан юм. Тэгээд үүнийг уншиж хоо гэж бодоод, ходоод модоодондоо санаа зовохоо багасгаад, санамж зөвлөгөөнүүдийг түүнээс хойш амьдралдаа гайгүй сайн тусгаж явах болсон доо.
Ноднин Тим Феррис, Дерек Сиверс хоёр подкастын дугаарт энэ номын тухай ярилцсаныг сонссон. Дерек Сиверс хэдэн жилийн өмнө стоицизмын тухай ном уншаад, энэ санаануудыг би өсвөр наснаасаа л боддог байсан, би л ганцаараа ингэж амьдардаг юм байх гэж бодтол стоицизм гээд бүр сэтгэлгээний сургууль байж гэж бодсон гэнэ. Тэгсэн хоёр жилийн өмнө Википедиа дээр Карнегийн How to Stop Worrying and Start Living номд стоицизмын санаануудыг өгүүлсэн байдаг гэж бичсэн байхтай таараад, 16-настайдаа эмээгийнхээ номын тавиураас энэ номыг авч уншсан нь түүний оюун санаанд ихээр нөлөөлсөн болохыг тэгж нэг ойлгосон юм байх аа. Бодохлээр, үнэхээр ч сүүлийн жилүүд жигтэйхэн “од” болоод байгаа стоицизмын санаануудыг Карнеги аль эрт биччихсэн байгаа юм. Олон жил уг номын бишрэгч нь явсан хүний хувьд эдний ингэж ярихыг сонсоход таатай байсан гэж.
Одоо ч яахав, олон хүнд тун ойлгомжтой санагдах биз. 18-тай хүүгийн хувьд бол хүн тухайн өдөртөө л амьдрах хэрэгтэй, хүн ямар ч зүйлийг туулаад өдрийн төгсгөлд хүрч чаддаг гэсэн санаа нь, түүнийгээ илэрхийлсэн сонирхолтой жишээнүүд нь онцгой мэдэгдэхүүн шиг санагдаж, ой тойнд ёстой сайн шингэж билээ.
Саяхан Остин Клеоны Groundhog Day кино бол манай цаг үеийн агуу ёгтлол хэмээн бичсэнтэй таарсан. Тус кинонд цаг уурын хөтлөгч, өөртөө дурлагч нэгэн өдөр бүхэн нэг л өдрөө, нэг л газраа сэрдэг, цаг хугацаанд гацчихдаг тухай өгүүлдэг. Тухайн өдөр юу ч боллоо гэсэн, маргааш нь яг л тэр бүхнээ давтах ёстой болно.
Остин Клеон ийн бичиж: “Амьдрал яаж эргэхийг удирдах боломж бидэнд хомс. Бидний удирдаж чадах ганц зүйл бол хоног өдрүүдээ юунд зориулах вэ буюу юун дээр ажиллах, түүндээ хэр их хөлс хүч зориулах вэ гэдэг л юм. Хэтийдсэн гэмээр санагдаж болох ч, хэрвээ та арт бүтээхийг эрмэлздэг бол Groundhog Day киног өөрийн амьдралаар дахин бүтээж байна гэж аяглах нь таны хийж чадах хамгийн зөв зүйл байх болно гэдэгт итгэлтэй байна.”
Бүтээлч хүмүүст зориулан бичсэн боловч энэ санаа бид бүгдэд хамаарна. Амьдрал гэдэг нэг цэгээс нөгөөд татсан шулуун зураас бус. Дахин дахин эргэх тойрог гэлтэй.
Groundhog Day мөн хандлагаа өөрчлөх тухай мессежийг өгдөг. Юмс болж өгөхгүй байвал бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Эсрэгээр нь хийж үзэх хэрэгтэй. Seinfeld шоуны The Opposite гэх ангид энэ тухай тун хөгжилтэй өгүүлсэн байна лээ.
Хүмүүс нэг өдөрт юу хийж чадахаа хэтрүүлж боддог, нэг жилд юу хийж чадахаа дутуудуулж боддог гэдэг. Бүхэл бүтэн нэг он дөнгөж эхэлж байна. Groundhog Day-ийн Фил шиг өдөр бүрээ давтаад, болохгүй зүйлс дээр хандлагаа өөрчлөөд, хааяа Seinfeld-ийн Жорж шиг эсрэгээр үйлдээд явахад болно доо болно, хэдүүлээ.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо