Товшлол #78: Тунгаан сэтгэхэд туслах 9 ойлголт
Санаа
Саяхан Фэйсбүүк дээр өнөө л, critical thinking-ийг юу гэж орчуулах вэ гэсэн асуулттай таарсан. Энэ удаа төвөгшөөсөн, гэлээ гээд монгол хэлэнд хэвшүүлээгүй, стандарт болгоогүй салбар салбарын асар олон үг, ухагдахуун байдаг болохоор яалтай ч билээ. Уг сэдвээр дараа судалж байгаад эсээ ч юм уу, арай даацтай юм бичих хүсэл байна.
Critical thinking-ийг би өмнөх товшлолуудад “нухацтай сэтгэлгээ” гээд явсан санаж байна. С.Өнөр ийм санал гаргаад, тэр нь болохоор санагдаад тэр л дээ. Олон талын мэдээлэл, олон өөр өнцгийг нухацтай дэнсэлж үзэх гэсэн агуулгатай болохоор, бодохоос сэтгэх нь илүү далайцтай, гүн учраас гэж тайлбарласан байсан. Гэвч сая бодтол “нухацтай” гэсэн үг нь арай л ерөнхий, жаахан сонирхолгүй гэх үү, мохоо гэх үү, нэг л тийм. Зарим хүн бол тунгаан бодох шүү дээ л гэж байгаа харагддаг. Бодохнээ, тунгаах гэдэг нээрээ гоё үг. Тайлбар толь дээр ингэж:
Тунгаах — Юмыг тунгаадаснаас нь салгах: алт тунгаах (алтны хүдрээс цэвэр алт гаргах), … (учрыг нь олж хужрыг нь тунгаах)
Хэрэггүй гологдол зүйлээс нь голыг нь, охийг нь салгах гэсэн санаа нь critical thinking-ийн агуулгатай сайхан нийцэж байгаа юм.
Гэвч, тунгаан бодох гэдэг нь их хэрэглэгддэг ердийн холбоо үг учраас энэ чухал ухагдахууны утгыг товойлгож өгөхгүй байгаа юм.
Эндээс, энэ хоёр саналыг нийлүүлээд дундаас нь “тунгаах сэтгэлгээ” гэдэг үг үүсгэчихэж болмоор санагдлаа.
Critical thinking - Тунгаах сэтгэлгээ
Thinking critically - Тунгаан сэтгэх
За оршлоо дуусгаж гол зүйлдээ оръё. Тунгаан сэтгээд зөв шийдвэр гаргахад туслах нэлээд олон ойлголт, ухагдахууныг би орчуулаад явж байгаа юм. Өнөөдөр заримыг нь хуваалцъя гэж саналаа:
Тунгаан сэтгэхэд туслах 9 ойлголт
Эхлэн суралцагчийн хөөсрөлт (Beginner’s Bubble Effect): “Хэдийнэ мэддэг, мэдсэн гэж боддог зүйлсээ чи сурахгүй.”—Эпиктит. Хамгийн харанхуй хүмүүс бол юу ч мэддэггүй хүмүүс биш, өчүүхнийг мэддэг хүмүүс юм. Багахан мэдлэг нь тэдэнд тухайн зүйлийг би мэднэ гэсэн ташаа ойлголтыг төрүүлдэг ба улмаар сониуч байдлыг нь үгүй хийж, оюун тархийг нь хааж орхидог.
Дуурайх онол (Mimetic Theory of Desire): Хүн гэдэг хоньтой адил. Бид юу хүсэж буйгаа мэддэггүй тул нэг нэгнээ дуурайдаг. Өөрсдөө юу хүсэж байгаагаа олж мэдэхийн оронд бид бусадтай адил зүйлийг хүсдэг. Зар сурталчилгааны салбар тэр чигтээ энэ л санаанд суурилсан байдаг.
Зөрчлийн дуурайх онол (Mimetic Theory of Conflict): Хүмүүс ижил, ойролцоо тусмаа хоорондоо зөрчилдөх илүү магадлалтай. Дотоодын иргэний дайн, гэр бүлийн муудалцаан зэрэг нь хамгийн бэрх зөрчлийг үүсгэдэг. Хоёр хүн хэр ойролцоо, хэр эрх тэгш байна, төдий чинээ зөрчил нь их байна.
Санаагаа далдлахуй (Preference Falsification): Хүмүүс юу бодож байгаагаа хэлэхээс айсан үедээ худлаа ярьж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн санаа, хандлагуудыг дагадаг. Тиймээс хэлснийг нь дайрах, хориглоно гэж айлгах зэргээр хүмүүсийн яриаг “шийтгэх” нь хуурагдах хүсэлт л тавьж байгаа хэрэг юм.
Гүүдхартын хууль (Goodhart’s Law): Хэмжигдэхүүн нь хэрвээ зорилт болчихвол зохистой хэмжигдэхүүн байхаа больдог. Жишээлбэл, нэг эмнэлэг өвчтөнүүдийг хэт их хүлээлгээд байсан тул дөрвөн цагаас дээш хүлээлгэсэн тохиолдолд торгууль төлөх зохицуулалтад орж л дээ. Тэгтэл тус эмнэлэг түргэн тусламжийн жолооч нараасаа машинаа удаан барьж, хүлээлгийн цагийг багасгахыг хүссэн байна.
Нарийвчлалын парадокс (The Paradox of Specificity): Нарийвчлан төвлөрнө гэдэг санагдаж байгаа шигээ таныг бүрэн хязгаарлахгүй. Хүн бүр Google хайлт хийдэг, соошил хуудсаараа хэрэгцээндээ тохируулан мэдээлэл авдаг интернэтийн энэ эринд бусдаас ялгарсан, нарийвчилсан чиглэлд төвлөрөх нь үнэгүй маркетинг болж өгнө. Зорилго чинь нарийн, ялгаралтай байх тусам та илүү олон боломжийг өөртөө үүсгэх болно. Шагайвчаа нарийсгах тусам харах хүрээ чинь тэлнэ.
Бэнфордын зөрчилдөөний хууль (Benford’s law of controversy): Бид мэдээллийн балархай хэсгүүдийг эмоцоороо нөхөх хандлагатай байдаг. Бид ойлгохгүй зүйлээсээ айдаг, гэнэхнээр итгэж төсөөлдөг зүйлээ хайрладаг. Тэгэхээр, хүмүүсийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг зүйлс нь ихэнхдээ тэдний хамгийн бага ойлгодог зүйлс байдаг.
Хөтөлбөр гаргах онол (Agenda-Setting Theory): Ихэнх үед мэдээгээр гарч буй зүйлс туйлын чухал байдаггүй, мэдээгээр гарч буй болохоор л чухал харагддаг. Нийтийн яриа хэлэлцүүлэг мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн зүйлсэд суурилдаг болохоор тухайн мэдээ чухал юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Үнэндээ тэдгээр мэдээ хэдэн редактор сонгодог ба олон нийт цар хүрээг нь автоматаар томруулдаг.
Энэрэхүйн бүүдгэрэл (Compassion Fade): Нэг үхэл бол эмгэнэл, сая үхэл бол статистик гэдэг. Хандив өргөөч гэсэн хоёр хүсэлт байв: Нэг нь өлсгөлөнгийн тухай статистикт суурилсан, нөгөө нь нэгэн өлсгөлөн охины түүхийг өгүүлсэн. Хүмүүс охинд илүү хандивлах хандлагатай байдаг. Бидний тархи том тоог ойлгож хүлээн авч чаддаггүй. Тиймээс бид статистикт бус түүх, өгүүлэмжид хөтлөгдөн хорвоог туулдаг. Бидний сэтгэлийг дата бус драм хөдөлгөдөг.
Сурвалж: Дэвид Перелл, Гурвиндер нарын нийтлэлээс
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо