Товшлол #79: Дуртай зүйлээ шагнал болгож хийх
Санаа
Бичээч Рива Тез нэгэн ярилцлагад ингэж хэлснийг тэмдэглэж авч:
“Хүмүүс эргэн тойрондох төрөл бүрийн мэдээлэл, контентыг пассив байдлаар үзэхдээ ямар нээлттэй, цензургүй байдагт би гайхдаг. Би бол за эхлээд хүн төрөлхтний бүх түүхийг уншчихаад Нетфлик үзэж эхэлье гэсэн шүү юм боддог.”
Жэймс Клир бас ингэж бичсэн байсан:
Сайн ажилласныхаа шанд сайн ид
Би хэсэгчилсэн мацаг (intermittent fasting) барьдаг. Өөрөөр хэлбэл, өдрийн эхний хоолоо үдийн алдад иддэг юм. Ингэж хооллодог болоод хоёр жил болж байна. Эрүүл мэндэд үзүүлдэг эерэг нөлөөг нь би энд бичиж байв.
Эрүүл мэндийн нөлөө нь гэхдээ нэг л хэсэг нь. Мацаг бас надад тухайн өдөр илүү ихийг хийх бололцоог олгодог. Хүн өдөрт хоолны тухай бодох, төлөвлөх, идэхэд хэр их цаг зарцуулдгийг нэг бодоод үзээрэй. Ийм мацаг барьснаар би өглөө юу идэх билээ гэж бодох, тэгээд хийж идэх, дараа нь цэвэрлэх зэрэгт цаг үрэхээ больж байгаа юм. Би өглөөг чухал зүйлсээ амжуулахад зориулдаг. Тэгээд сайн ажилласныхаа шанд ахиухан чанартай хоол иддэг юм.
Жэймс 12-20 цагийн хооронд бүх хоолоо идээд бусад үед нь мацаг барьдаг аж. Тэрбээр “reward” буюу шагнал гэдэг зүйл сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг “Atomic Habits" номдоо сайн судалж бичсэн байсан.
Түүний бичсэнээр бол, хүний тархи “instant gratification” буюу ойрын таашаалыг байнга эрэлхийлж байдаг. Хомо сапиенсуудын тархины неокортекс буюу хэл гэх мэт хамгийн боловсронгуй функцуудийг хариуцсан хэсэг нь 200 мянган жилийн өмнөхөөсөө тэгтлээ их өөрчлөгдөөгүй аж. Өөрөөр хэлбэл, бид байнга идэш уушаа хайж, араатан дайснаа хамгаалж амьдрахад буюу байнга одоо цагтаа амьдрахад зориулагдсан тархитай хэвээрээ л байгаа. Харин энэ хуучин тархины хажууд орчин үеийн нийгэм дэндүү шинэ. Бидэнд машин, онгоц, телевиз, компьютер, ухаалаг утас, Бейонсе байна. Одоог илүүд үздэг тархитай байх нь юу гэсэн үг вэ гэхлээр, бид сайнаар бодож тавьсан зорилгодоо найдаж болохгүй гэсэн үг. Яг тулсан үед ойрын таашаал биднийг ялна. Ойрын таашаалыг илүүд үзэх энэ хандлага мөн нэгэн чухал үнэнийг тодруулдаг нь, энэ хандлагаасаа болоод ихэнх хүн ойрын таашаалын араас хөөцөлдөж өдрөө бардаг. Харин таашаал, шагналыг хойшлуулж чаддаг, хүлээж чаддаг хүмүүст өрсөлдөөн бага, хялбар болж ирэх ба шагналын цар хэмжээ нь ч илүү байна. Олны ярьдагчлан, “барианы үзүүрт хүн цөөтэй”.
Асуудал нь, ихэнх хүн таашаалыг хойшлуулах нь чухал гэдгийг мэддэг. Гэсэн ч шийдвэрлэх мөч ирэхэд тэр болгон бодсоноороо хийж чаддаггүй. Аз болоход, Жэймсийн бичсэнээр, хүн өөрийгөө таашаалыг хойшлуулж чаддаг болгон сургаж чадах гэнэ. Ингэх хамгийн сайн арга бол, алсдаа үр өгөөжөө өгөх дадлуудад бага зэргийн ойрын таашаал нэмэх, алсдаа өгөөж өгөхгүй зуршлуудад бага зэргийн ойрын зовлон нэмэх явдал гэнэ.
Авсан нэг жишээг нь энд хуваалцъя. Бид жишээ нь мөнгөө хадгалахыг хүсдэг ч түүнээсээ ойрын таашаал авч чаддаггүй. Тэгвэл нэг данс нээж, тэрийгээ “Европын аялал” юм уу хийхийг хүсэж буй нэг зүйлээрээ нэрлээд, кофе авахгүй өнжсөн, гадуур хоол идэхгүй гүрийсэн тохиол бүрдээ энэ данс руугаа шилжүүлж заншвал, дансны нэмэгдэж буй дүн ойрын таашаал өгч чадах юм.
Эцэст нь өөрийн нэг жишээ. Заримдаа хэцүү зүйлсийг хийх боломжтой, энерги ихтэй өглөөний цагаар хамгийн зовлонгүй, дуртай нь аргагүй хийдэг зүйлсийг барьж авчих гээд байдаг. (Миний хувьд тэр нь юм унших, Твиттер хэсэх юм уу даа.) Тийм үед би, ялангуяа сүүлийн үед, хэцүү юмаа хий, хийх ёстой юмаа хий, дуртай зүйлээ бол би орой ч байсан, энерги багатай байсан ч хийж чадна, дуртай юмаа шагнал болгож хий гэж өөртөө хэлдэг болсон байна лээ.
Гоё
Саяхан Morningstar гэх дуучныг өөртөө нээв. Өмнө нь олон дуулж байсан ч тогтож сонсоогүй юм билээ. Рок, поп, рэп зэрэг жанр бүрээр дуулдаг, чадалтай хоолойтой, онцгой авьяастай залуу санагдсан. Их юм дуулгах нь дамжиггүй дэг ээ.
Chihiro - Энэ дууг нь сонсоод шар үс нь босдог хүмүүс олон гэнэ.
Fallen angel - Энэ дуу нь Linkin Park вайб өгсөн.
No Place To Find ft The C - Гоё.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо