Товшлол #80: Зуун арав буюу түүнээс дээш
Ж.Номин подкастдаа Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болдтой ярилцсан байсан. Тэр ярилцлагын үеэр Б.Болд захирал залуучуудад хандан хэлсэн нь:
Ажлыг хийхдээ 80, 90 биш, 100 биш, 110 хувь хийдэг болчихвол тэр хүн рүү урсгалаараа илүү их ажил очно. Илүү дарамт, илүү ажилтай тулах тусам тэр хүн илүү ихийг сурдаг, илүү танилын сүлжээтэй болдог. Харин ухарч суугаад байвал; захирал ингэж хэлсэн, тэрийг нь ингэсгээд хийчихье гэх маягтай хагас сэтгэлээр ажил хийвэл тэр нь аяндаа харагддаг. 80, 90 хувь хийгээд очвол захирал чинь яг л тийм хэмжээний ажил өгнө. Энэ нөхөрт дахиад ажил өгөөд дэмий юм байна гэдэг ч юм уу, хажууд нь өөр хүн тавих хэрэгтэй юм байна, ажил явуулахгүй хүн тул шахуу биш юм өгье гэдэг ч юм уу, тиймэрхүү байдлаар хандана. Өөрөөр хэлбэл, чи боломжоо хаагаад эхэлнэ гэсэн үг. Яахав чиний 110 хувь захирлын чинь хувьд 90 хувь байж болно. Гэхдээ хүн өөрийнхөө хувьд бүх юмаа шавхаад, дээр нь 10 хувь илүү хийсэн шүү гэж хэлж чадахуйц ажилдаа хандвал цаад хүн хичээл зүтгэлийг чинь олж харна. Яаж ажилдаа хандаж байна, ямар асуулт тавьж байна гэх мэтээсээ харагддаг л байхгүй юу. Тэгэхээр 110 хувь гэдэг энэ зүйлийг санаад авчих.
Сүүлийн үед магистрын хичээлийн “махны машин”-д ороод явчихлаа гэж санагдаад Б.Болд захирлын энэ үгийг эрхгүй саналаа. Нялх хүүхэдтэй манийг хичээл жигдхэн бөгөөд гарах гарцгүй шахаж байна. Ядахад “цаадах нь” дэндүү өөрийн тааваар явж ирсэн, юманд шахагдах дургүй хүн. Гэхдээ хүн хийх юм ихтэй, түүнээсээ зайлах аргагүй болох тусмаа цагийн менежментээ зөв хийж, зарим зүйлийг гарцаагүй орхиж, яаж энэ бүхнийг амжуулах вэ гэж бодоход цаг хийгээд ур ухаан зарцуулдаг юм байна аа.
Бас нэгийг санасан нь олон жилийн өмнө хуучин блог дээр тоймлосон “Бизнест хэрэгтэй Даншари сэтгэлгээ” номд дурдагддаг төсөөтэй санаа. Энэхүү номыг Японы олон компанид ажиллаж байсан бизнесийн зөвлөх хүн бичжээ. Тэрээр МУИС-д хоёр жил багшилж байсан, ер нь Монголтой их холбоотой хүн бөгөөд энэ номоо Монгол дахь гэртээ бичсэн гэнэ. Товчхондоо, мах цусанд нь "давчуу зай, дутагдалтай нөхцөлд хамгийн их үнэ цэнийг бий болгох" чанар суусан япон хүн энэ чанарынхаа талаар бичсэн ном аж. Тэрхүү номын тоймдоо би энэ хэсгийг онцолж байж:
Дөрөвдүгээр бүлэгт Бизнесч хүний танилын харилцаа, Бизнесч хүний цаг, Карьер төлөвлөгөө зэргийн талаар болон ажил хэрхэн дааж авах, даалгах тухай нарийн ширийн зүйлс бичжээ. Жишээлбэл, цаг ашиглалтын тухайд зохиогч ийн хэлж: "Хагас албадлагын байдалд өөрийгөө оруулж, өөрөөр хэлбэл хоёр дахин их ажил авч байж цаг ашиглаж сурна. Зав зай нь яг таарсан ажил хийгээд бол сайжирна гэж байхгүй."
Номыг нь мартсан байсан ч цагт хавчигдаад ирмэгцээ ийм зүйл уншиж, бичиж байснаа санадаг юм байна. Хүний булчин хүнд юм өргөж, стресс авч байж тэлж чангардаг шиг хүн өөрийгөө албадлагын байдалд оруулж байж, дарамт авч байж л илүүг сурч, илүү хөгжиж, цагаа илүү сайн ашиглаж сурдаг нь аргагүй ажээ.
"Цагаа үнэл. Цаг бол чамд байгаа бүх юм. Чиний цаг чиний мөнгөнөөс ч чухал. Найзуудаас чинь ч чухал. Ер юунаас ч чухал. Цаг бол чамд байгаа бүх юм. Цагаа бүү үр.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо