Товшлол #81: Муугаас сайнд vs. Сайнаас онцгойд
Өөрийгөө ахиулж сайжруулахыг хүсдэггүй хүн гэж байдаггүй байх. Хүний энэ хүсэлд суурилсан, хүнд тулгардаг асуудлуудад хариу өгөхийг зорьдог “self-help” гэх салбар бий. Би бол монголоор “хувийн хөгжил”, “өөрийгөө хөгжүүлэх(үй)” гэж буулгадаг. Хувь хүний хөгжлийн гэх зэргээр ярьдаг ч хэт сунжруу санагдаад байдаг юм. Энэ чиглэлийн ном орчуулж гаргах, контент бүтээх ажил багагүй хугацаанд хийсэн, хийж буй болохор хүмүүс иймэрхүү агуулгад хэрхэн хандаж буйг ажигладаг. Энэ салбарын нэр хүнд үнэндээ тийм ч сайн биш. Монголд гэлтгүй бүх л газар тийм байх. Үл тоодог, гүехэн эд гэж хүлээж авдаг хүмүүс олон.
Миний хувьд өөрийн боловсролыг бие даан уншиж, энэ чиглэлийн төрөл бүрийн номуудаас олж авсан болохоор хэрэгцээтэй, чухал гэдгийг нь мэддэг. Тиймдээ ч чанартай, хэрэгцээтэй гэсэн агуулгыг блог, сайт, ном гээд байж болох бүх л хэлбэрээр хуваалцаж түгээхийг эрмэлздэг. Өөрийгөө хөгжүүлэх сэдэвт агуулгыг тоодоггүй хүмүүсийг дараах байдлаар багцаалж болох юм шиг санагддаг.
Үнэхээр чадалтай, мундаг хүмүүс. Тийм хүмүүст хэр баргийн зөвлөгөө хэрэг болохгүй. Угаасаа, багаасаа ажиллах дадал сайтай, юмыг гараас гаргаж сурсан, зөв зүйлээ сонгож ажилладаг хүмүүс байдаг. Гэхдээ ийм хүмүүс цөөхөн. Тэд өөрийгөө хөгжүүлэхүйг миалъя ч гэж бодохгүй.
Өөр жанр сонирхдог хүмүүс. Өөрийгөө хөгжүүлэхүйг миалах магадлалтай. Ер нь энэ хэсгийн хүмүүс дунд эго ихтэйчүүд цөөнгүй.
Одоогийн нөхцөлдөө сэтгэл хангалуун хүмүүс. Өөрийгөө өөрчилье гэж нэг их эрмэлздэггүй, магад амбиц багатай хүмүүс.
Яахав өөр нэг бүлэг хүмүүс байж болох нь хаширсан хүмүүс юм уу. Энэ төрлийн агуулга сонирхож, туршиж, эхлүүлж байсан ч тухайн үедээ таарсан тохирсон сурвалжаа олж чадаагүйгээс болоод “өө, шал дэмий юм байна, худлаа юм байна" гэж бодсон хүмүүс цөөнгүй байдаг байж болох юм, нээрээ.
За овоо оршилдчихлоо, одоо гол зүйлдээ оръё. Дээр хэлсэн санаатай холбоотой нэг агуулга олж уншсан юм л даа. Таалагдсан тул орчуулан хүргэе. Доорх бол өөрийгөө хөгжүүлэхүйн хүчтэй авторуудын нэг Марк Мансоны үгс юм. Кал Ньюпорт бас энэ сэдвээр нэлээн ньюанстай хуваалт хийсэн байсан, дараа жич хуваалцана аа.
Муугаас сайнд vs. Сайнаас онцгойд
@markmanson өгүүлрүүн:
Өөрийгөө хөгжүүлэхүйн жанр нь дотроо хоёр салангид хэсэгтэйг ихэнх хүн ойлгодоггүй. (Авторууд/контент бүтээгчид өөрсдөө ч багтана).
Миний бодлоор, ийм хуваагдлыг ялгахгүй байх нь энэ салбарыг чиглэсэн шүүмж, будилааны дийлэнхийг үүтгэдэг. Эсрэгээр энэ ялгааг ойлгож мэдэх нь хэрэглэгч, бүтээгчдийн аль алинд хэрэгтэй зүйлээ авахад туслах юм.
Тэрхүү хоёр ангилал нь:
Муугаас сайнд хөтлөх зөвлөгөө (Bad to Good advice): Амьдралынхаа хэцүүхэн үед байгаа хүмүүст эргээд хэвийн түвшинд нь авчрах зөвлөгөө.
Сайнаас онцгойд хөтлөх зөвлөгөө (Good to Great advice): Хэвийн түвшинд яваа хүмүүст өөрчлөлтүүд хийн, олон зүйлд онцгой сайн болоход нь туслах зөвлөгөө.
Энэ хоёр төрлийн зөвлөгөөг цаг үргэлж хольж хутгадаг. Нэгийг нь нөгөөтэй андуурах нь хүмүүст шал дэмий стресс нэмж, энергийг нь бардаг.
Жишээ нь, помодоро техник ашиглан ажиллаж сурах нь “Сайнаас онцгойд хөтлөх” зөвлөгөөний сонгодог жишээ юм. Энэ зөвлөгөө харин өглөө орноосоо босохдоо ч зүдэрдэг хүний хувьд дэндүү ахадсан эд.
Түүний адил, хүнээс хүүхэд насныхаа трауманы талаар тэмдэглэл хөтөл гэж хүсэх нь “Муугаас сайнд хөтлөх” сайн зөвлөгөө байж болно. Харин саяхан компанийн захирал болж дэвшсэн хүнд магад цагийн гарз болно.
Энэ хоёрын алинд нь байгаа эсэхээс хамааран авах хэрэгжүүлэх зөвлөгөө эрс өөр болох учир ялгааг мэдэх нь чухал.
“Муугаас сайнд хөтлөх”-д хамаарах эмчилгээ, “Сайнаас онцгойд хөтлөх”-д хамаарах эмчилгээнээс хавьгүй өөр. Дасгал, фитнес хоёр мөн ангиллаас хамаараад эрс өөр. Тэмдэглэл хөтлөх тухайд ч адил. Хайр, үерхлийн зөвлөгөө ч адил.
Коуч нар ч энэ хуваалтыг ойлгох хэрэгтэй. Ингэснээр үйлчлүүлэгчидтэй ажиллах арга барил тэс ондоо болж ирнэ.
Муугаас сайнд хөтлөх нь олон томоохон бэрх өөрчлөлтийг шаардсан, сэтгэлийн тэвчээр хэрэгтэй, товчхондоо хүсүүштэй биш процесс байдаг.
Харин Сайнаас онцгойд хөтлөх нь дундаа төрөл бүрийн туршилт, сайжруулалтыг хийдэг тийм процесс байдаг. Энэ тохиолдолд өөрчлөлтийг төлөвлөгөөтэй, бага багаар хийж, эргээд хянадаг.
Муугаас онцгойд зорьж буй хүмүүс ихэнхдээ одоо туулж буй зүйлээ бушуухан давж, дараагийн зүйлд шилжихийг хүсдэг.
Сайнаас онцгойд зорьж буй хүмүүс ерөнхийдөө хийж буй өөрчлөлтөө аль болох удаан хадгалахыг хүсдэг.
Муугаас сайнд зорьж буй хүмүүс юмс болж өгөхгүй байхлаар жигтэйхэн уурлаж, эгдүүцдэг. Тэд өөрсдийгөө зэмлэдэг.
Сайнаас онцгойд зорьж буй хүмүүс юмс болж өгөхгүй байвал савлахгүй хэвийн байдаг. Тэд болохгүй байгаа зүйлийг орхиод өөрийг туршдаг.
Муугаас сайнд зорьж буй хүмүүс тухайн зүйлийг хийх хэрэггүй болсон үед болихдоо сайн. Сайнаас онцгойд зорьж буй хүмүүс харин хийх хэрэггүй болчихоод байхад зогсож чадахгүй байх нь бий.
Муугаас сайнд зорьж буй хүмүүс зовлонг зөөллөхөд төвлөрдөг. Сайнаас онцгойд зорьж буй хүмүүс зовлонг мэдрэхээс татгалздаггүй. Учир нь энэ нь тэдэнд ахиж байна гэсэн мэдрэмж өгдөг.
Муугаас сайнд зорьж буй хүмүүс өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөөг эм гэж хардаг. Сайнаас онцгойд зорьж буй хүмүүс харин дасгал, эсвэл хобби гэж хардаг.
Мөн олон олон зөвлөгөө энэ хоёр ангиллын аль алийг нь хамарсан байдгийг санууштай. “Өдөр бүр дасгал хий” гэсэн зөвлөгөө бол жишээ нь чи хэн болох, юу туулж байгаагаас үл хамааран хэзээд тустай. Харин энэ зөвлөгөөний нарийн деталиуд чи аль ангилалд байгаагаас хамааран ихээхэн өөр байх учиртай. Үндсэндээ тэр деталиуд л хамгийн чухал.
Тэгэхээр, чамд хамгийн сайныг амласан твиттер жиргээ, ютүб видео сэлтийг үзэхдээ энэ хуваалтыг санадаг байгаарай. Өөрийгөө аль ангилалд нь байгаагаа ойлго. Өөрт чинь чухам аль зөвлөгөө, ямар деталь хэрэг болох вэ гэдгийг тунгаан боддог байгаарай.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо