Монголдоо Ерөнхий боловсролын сургууль байгуулалцаад, одоо сүүний ферм байгуулан ажиллаж байгаа сумогийн их аварга асан, Харамафүжи Д.Бямбадоржийн ярилцлагыг хүмүүс сүүлийн хэд хоног соошил дээр хуваалцаж, сайшааж байгаа харагдав. Хэсэгчлээд сонслоо. Доорх үгс нь ихэд таалагдав:
Хүн өөрийгөө байнга эвдэж байх нь чухал. Эготоод л би болж байна, би бүтэж байна гэж бодох юм бол тэр хүн дуусаа. Би сумогийн аварга байсан, би ийм байсан, тийм байсан гээд байх юм бол урагшаа явахгүй хөгжихгүй. Зөв зүйл гэж харж байгаа бол хүний үгийг сонсдог байх ёстой, өөрийгөө зөв гэж бодож байтал тэр нь буруу байвал хаяж чаддаг, өөрийгөө эвдэж чаддаг, буцаад шинийг эрэлхийлдэг, эргэцүүлдэг байх нь чухал байх гэж боддог.
Өмнө нь хийсэн зүйлдээ, гаргасан амжилтдаа сэтгэл ханалгүй, өмнөх айдентитигээрээ түрүү барилгүй, шинэ зүйл эхлүүлээд зүтгэж яваа хандлага нь сайхан санагдав. Beginner’s mind!
Үүнтэй холбоотой нэг санааг автор, энтрепренер Дерек Сиверс ийн хэлсэн байсан: Keep earning your title, or it expires. Чухам эзэн нь болж чадвал ажил мэргэжил, цол гуншингаа хэрэглэсээр бай. Үгүй бол хугацаа нь дуусна гэсэн санаа юм уу даа. Үүнийгээ тэрбээр жаахан дэлгэрүүлээд ингэж хэлж:
“Бид бүгд хуучин ажил мэргэжил, цол гуншингаа тавилгүй зууралддаг. Бид хүмүүст өөрийгөө урьд нь хийж байсан, одоо хийхээ больчихсон зүйлээрээ танилцуулдаг. Жишээ нь би хөгжимчин, ДиЖэй гэж өөрийгөө танилцуулдаг байсан. Үнэндээ тэгэхэд би хөгжимд гар хүрэлгүй таван жил болчихсон байв… Өнгөрсөнд хэн байгаад одоо хэн болж өөрчлөгдсөнөө хүлээн зөвшөөрч чадвал ирээдүйд хэн болохыг хүсэж байгаадаа илүү дөхнө. Үгүй бол хуучин ажил мэргэжил, цол гуншин чинь ирээдүйн чадамжийн чинь хэсэг зайг эзэлсээр байх болно.”
Гоё илэрхийлж томьёолсон байгаа юм шүү. Энэ санааг хааяа санахаар би өөрийгөө юу гэж танилцуулж тодорхойлж байгаа билээ гэж боддог. Ажил мэргэжил, цол гуншиндаа эзэн болох, нэршлээ хүртсээр байх гэдэг энэ санааг өнгөрсөн дэхээ тавилгүй зууралдах гэдгээс гадна тухайн зүйлдээ эзэн нь болоогүй байж, суралцаагүй, юм хийгээгүй байж тухайн нэршлийг эзэмших гэж яардагтай ч бас холбож ойлгож болохоор аж. Дээхнэ үед био дээрээ өөрийгөө чухам л энтрепренер гэж танилцуулах дуртай байсан минь санаанд ороод.
Энэ бичсэн зүйлстэй уялдуулаад бас нэг жишээ санаанд оров. Монгол бөх, сумо хоёрын ялгаа. Сумо бөхийн ёкозуна буюу их аваргаас бусад цол бүгд үүрдийн биш байдаг. Манайхаар арслан, заан, начин цолтонгууд нь муу барилдвал цолоо хураалгаж чансаа буурдаг. Харин манайд бол бөхчүүд нэг цол хүртвэл тэр нь насан туршийнх. Энэ байдал мэдээж бөхийн найраа гаарахад нөлөөлнө. Зөвхөн наадмаар буюу нэг л удаагийн тэмцээнээр цол өгдөг нь, тэгээд дараа нь цолоо хамгаалах ямар нэг үүрэг хүлээдэггүй нь яаж ийгээд л цол авчихъя гэсэн хүслийг бадраадаг. Цол ахиулах нь нэр хүндээ өсгөхөөс гадна хамгийн гол нь цааш цаашдаа “бага зовохдоо” байдаг. Өөрөөр хэлбэл, монгол бөхийн уламжлал болсон өндөр цолтон нь бага цолтноо амлах дүрэм бол цолоо ахиулах гол шалтгаан юм. Товчхондоо, монгол бөх бол өндөр цолтой бөхөд асар том давуу талыг олгодог спорт. Одоо ингээд бодохнээ, Бат-Эрдэнэ аварга тун зүдрэлгүй түрүүлдэг байж. Муугаас нь шилж амласаар, нэг жил дээд даваанд 2-3 яс барилдаан хийгээд л түрүүлдэг байжээ, шилдэг улстөрч маань.
Бөхийн жишээ ярьж нуршихын учир нь, бөх бол манай нийгмийн нэг толь. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг шиг. Замын хөдөлгөөн шиг. Санаагаар болдог нийгэмдээ хиймээр байгаа өөрчлөлтөө, засмаар зүйлсээ бөх мэтийн, замын хөдөлгөөн мэтийн нийтээрээ үздэг, нийтээрээ хэрэглэдэг зүйлсдээ хиймээр санагддаг. Таван жилдээ нэг удаа 1024 бөх барилдуулж, 10 давсан бөхөд шууд аварга цол олгодог балай юмаа уг нь болимоор байгаа юм. Бусад жилд нь хоёронтоо 512 бөхөөс 9 давж түрүүлсэн бөх аварга болж байгаа. Эндээс үүдээд бөөн нугалаа, алдаа завхрал. Замын хөдөлгөөн дээр бол нөгөө урсгалдаа орж урдуур дайрдаг увайгүйтэл. Зүгээр энэ үйлдлийг л асар том торгуультай болоход их зүйл цэгцэрнэ гэж боддог. Дээр Томё Бодё бичсэн байсан, хүүхдүүдээ оочир дайрдаггүй, ээлжээ хүлээдэг соёлтой болгочихвол алсдаа авлига ч арилж мэдэх юм шүү гэж. Яг л энэ санаа.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Яг хэрэгтэй үедээ хэрэгтэй үгээ олоод уншчихлаа. Бүр нэг сонин байдалд орчихсон байсан юм.