Товшлол #83: Төвлөрөлд төвлөрсөн гурван санаа
Кал Ньюпорт Тим Феррисийн подкастад ярьсан нь:
Миний ярьдаг нэг гол санаа бол: Хэрвээ чи өмнөө баахан ажил овоолох юм бол, хэдий эцэсцэг нь нэг дор биш байлаа ч, эсвэл хэзээ дуусгах нь чамаас өөрөөс чинь л хамаарах байсан ч гэсэн, хийхээр зөвшөөрсөн ажлууд зардал үүсгэж л таарна. Хүмүүс өнөөх чинь юу болж байна гэж асууна. Утсаар ярих болно, онлайн уулзалтад татагдан орно. Тэр хэрээр оюунд чинь зай эзэлнэ. Өнөөгийн мэдлэгт суурилсан ажлын байранд ямар хандлага үүссэн бэ гэвэл хүмүүс урдаа маш их ажил овоолдог болсон. Ингэснээр тэр их ажлаа зохион байгуулах, удирдах шаардлага нь ажлын цагийнх нь дийлэнхийг эзэлдэг болчихож байгаа юм. Яг ажлаа гардаж хийх биш бэлтгэх, зохион байгуулах хэсэг нь. Үр дүнд нь, мэдлэгийн ажилтнууд өдрийн турш ажлынхаа тухай л яриад байдаг хачин байдал үүссэн. Тэгснээ орой юм уу амралтын өдрөөр л өнөөх ажлаа хийж жаахан урагшлуулна. Утгагүй байгаа биз? Энэ бол ажил хийх тун үр ашиг багатай арга.
“Би лээн” гэдэг шиг.
Жэймс Клир жиргэсэн нь:
Цагаа удирдах энгийн шүүлтүүр: Хэрвээ чи үгүй гэж хэлж буй зарим зүйлдээ үнэхээр харамсахгүй, араас нь шогшрохгүй байгаа л бол үнэндээ төвлөрөхгүй байгаа нь тэр.
Хийж чадахгүй байгаа зарим нэг зүйлдээ шогширч байгаадаа ч тэр үү, энэ санаа ёонк хийлгэсэн, нэг талаар намайг тайвшруулсан.
Райан Холидэй бичсэн нь:
2013 онд Остинд нүүж ирэх үедээ би Остин Клеон хэмээх бичээчтэй уулзсан юм. Би түүний “Санаа авахаас бүү ай” номын фэн л дээ (Keep Going номд нь бас дуртай). Өдрийн хоол идсэний дараа тэр намайг машиндаа суулган хотыг танилцуулж, зарим нэг зөвлөгөө хэлэв. Надаас цөөн насаар ах тэрээр тухайн үед хэдийн хүүхдүүдтэй болсон байлаа. Би түүнээс яаж энэ бүхэнд цаг гаргаж байна аа хэмээн асуухад “Цаг гаргана гэж байхгүй ээ. Амьдрал ч тэгээд ерөөсөө нэгийг нөгөөгөөр солих л асуудал шүү дээ” гэж билээ. Тэгээд өөртөө мөрдлөг болгодог нэг дүрмээ хуваалцсан нь миний санаанаас огт гардаггүй юм. Тэр нь: Ажил, гэр бүл, scene (Scene - инстаграм дээр сайхан харагдах зүйлс.) Буюу гараас гаргах бүтээлч ажил; гэр бүл, дотнын хүмүүс; нийгмийн амьдрал. Энэ гурвыг баланслах боломжгүй. Чи нэгд нь нэг үгүй гэвэл нөгөө хоёрт нь сайн байж чадна. Үгүй гэхгүй бол харин юу ч үгүй хоцорно.
Үүнтэй төстэй санаанууд, жишээнүүд цөөнгүй л харагддаг юм. Ажил карьер, нөхөрлөл, эрүүл мэнд, гэр бүл гээд л янз янзын байдлаар л томьёолсон байдаг. Энийг уншаад харин сонголт хийх зүйлс нь цөөн, хялбар байдлаар томьёологдсонд нь ч тэр үү, үнэмшилтэй санагдав. Эдний аль нэгэнд, чадвал хоёрт нь үнэхээр сайн байя гэвэл хүнд нээрээ илүүчлэх цаг ер гарахгүй дэг ээ. Гараад байвал тэр дээр Жэймсийн хэлсэн шиг фокуслахгүй л байгаа хэрэг байх.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо