Товшлол #84: Сониуч зангаа гайхуул
Саяхан нэг ийм жиргээ хараад олзуурхсан:
“Хүн бүр ур чадвар, танил тал, хөрөнгө чинээгээрээ онгирох болсон өнөө цагт сониуч зангаа гайхуулах нь шинэ бөгөөд соньхон.”
Энэ судлаач бас ийн бичжээ:
“Аз жаргалд хүрэх нууц бол сониуч зан гэдэгт би итгэдэг болсон. Хэрвээ чи юм бүхэнд, хүн бүрд сониучирхсан өнцгөөс хандаж эхэлбэл чи удаан түгшүүртэй байна, удаан ганцаардана гэж байхгүй.”
Дотор аяндаа мэдрэгддэг, гэхдээ яг ингэж илэрхийлж үзээгүй, илэрхийлэх гэж зорио ч үгүй явсан санаа бас болохоор олж уншаад баярласан.
Сониуч зан гэдэгт сурах, суралцах гэх үг дөхөх ч бүрэн илэрхийлэхгүй. Илүүг танин мэдэх эрмэлзэл гэвэл илүү ойртох юм болов уу. Яг ийм санааг Рио Тннтогийн Б.Болд захирал Номингийн подкастад ярьсан байсан:
(Залуучуудад өгөх зөвлөгөө гэсэн асуултын хариуд)
Сониуч зан. Хүнд амьтнаас ялгаатай юм чинь сурах ухаан. Хүн юу ч сурч болно. Сурч болохгүй юм гэж байхгүй. Энэ бол зөвхөн цаг хугацаа, зохион байгуулалт, идэвх зүтгэлийн асуудал. Миний тархи юм сурах тархи биш гэж бодож болохгүй. Сүүлийн үед Khan Academy, Coursera зэрэг платформоор, интернэтээр MIT, Харвард зэрэг шилдэг их сургуулиудын бүх л лекц бүх л сэдвээр байдаг болсон. Технологийн энэ эринд сурах орчин алга, Монголд байгаа болохоор сайн боловсрол олж авч чадахгүй гэсэн юм ярьж боломгүй. Харин технологи ашиглаад Монголд сурч болох юм юу байна гэж эрэлхийлэх хэрэгтэй. Интернэт, аппликейшин гээд шаардлагатай бүх л юм бэлэн байна.
Сuriosity буюу зониуч зан гэдэг бол хүнээс байнга асуулт асууна гэсэн үг. Тэнэг асуулт тавихаас айж болохгүй.
Физикч Ричард Фэйнман мөн сониуч хүнд бүх юм сонирхолтой байдаг хэмээж байж:
“Амьдрал ямар утга учиртайг хэн ч тайлж мэдэхгүй. Гэхдээ хамаагүй ээ, дэлхий ертөнцийг судал, танин мэд. Хэрвээ хангалттай гүнзгий сонирхох л юм бол бараг бүх юм тун сонирхолтой байдаг.“
Сониуч зангаараа гайхагддаг өөр нэг эрхэм бол алдарт энтрепренер Питер Тиэл. Түүнтэй арав гаруй жил хамт ажилласан хүний яриагаар бол, Питер гайхалтай сониуч хүн аж. Сурах, таних мэдэхийн төлөө машин шиг л байдаг гэнэ. “Шинэ хүмүүстэй уулзах үедээ тэр хамгийн түрүүнд юу хийдэг гээч, өөрийнх нь олж харахгүй байгаа ямар зүйлийг нөгөөдүүл нь олж харж байгааг ойлгохыг эрмэлздэг.” Бусад чинээлэг, амжилттай хүмүүсийн адил мэдлэгээ гайхуулахын оронд “Питер тоо томшгүй олон асуулт тавина. Олж мэдэхийг хүссэн зүйлсээ тэр угсруулан асуусаар байдаг. Үнэхээр мэдэхийг хүсэж байгаа нь тэр.” Хүмүүс сониуч харагдах гэж хичээдэг бол Питер Тиэл хэлбэрдэлгүй юм бүхэнд санаа тавьдаг гэнэ. Түүний машид анхаардаг сэдэв бол хүний насыг уртасгах судалгаа шинжилгээ. Хүн үхэшгүй амьдарвал уйтгартай гэж хэлэх хүмүүс олон ч тэр лав биш. Түүний хувьд амьдрал гэдэг мэдлэгийн төлөөх дуусашгүй эрэл хайгуул ажээ.
Төгсгөлд нь сониуч зангийн тухай өгүүлсэн өмнөх товшлолоо хуваалцъя:
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо