Нэг жижиг бүтээлч ажил эхлүүлнэ гэж бодоод л байгаа юм. Тэгээд, за төдийд л эхлүүлье л гэсэн хугацааны баримжаа тавиад байлаа. Өчигдөр тэгээд юм бодоод сууж байтал нэг санаа харвав. Юу вэ гэхээр, туршлагаа сөхвөл би хийсэн зүйлсээ дандаа хийж болох байсан хугацаанаасаа их бага хэмжээгээр оройтуулсан юм шиг санагддаг. Үүнийгээ гэнэтхэн санасан нь тэр. Ер нь л миний өөрийн нэг хурд, хэмнэл юм шиг. Магад миний өгөгдөл, бие махбод юм уу сэтгэл зүйн онцлог ч юм уу. Үүнийг найзын хэлж байсан нь батлах мэт: “Ганзо хийх нь хийнэ. Гэхдээ нэлээн л удах байх.”
Одоо гэхдээ насны хувьд ч, туршлагын хувьд ч өнгөрснөөсөө сурвал сурах ёстой үе гарцаагүй тулжээ. “Бид алдаанаасаа суралцдаггүй, алдаагаа эргэцүүлэхээс суралцдаг" гэсэн үг саяхан хаанаас ч билээ уншсан. Яг үүн шиг өнгөрснөө, хийсэн оролдсон зүйлсээ эргэн санахад ямар ямар зүйлс түгээмэл ажиглагдав гээд анхааралтай бодвол нэг нь яахын аргагүй жаахан оройтуулаад байдаг юм байна гэх мэдрэмж. Тухайн үеийн нөхцөл байдлаа хүн мартчихдаг болохоор аливааг нэхэн бодоод ингэх байж гэж өрөөсгөл дүгнэх амархан ч энэ дүгнэлтийн тухайд бол итгэлтэй хэлж чадах байна. Тэгэхлээр, дараа дараагийн ажил, төслүүдээ арай бэлэн биш байна, арай болоогүй гэж бодсон үедээ эхлүүлэх ёстой байх нь.
Цаг болж нөхцөл бүрдэхийг хүлээхгүй байх тухайд Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос мэдээлэлтэй холбон хэлсэн байсан:
“Надад ийм мэдээлэл байсан ч болоосой гэж бодож байна уу. Ойролцоогоор тэр мэдээллийн 70 хувь нь байхад шийдвэрээ гарга. Тухайн мэдээллийн 90 хувийг олж автлаа хүлээвэл чи ихэнх тохиолдолд хоцорчихсон байх болно.”
Зохиолч Нэйл Гэйман тэгвэл залуу зохиолчдод ийн зөвлөж байжээ:
Залуу зохиолчдод (зохиолчийн хувьд л залуу болохоос хэдий насны ч хүн байж болно) миний хэлэх зүйл бол, юуг ч засаж болно оо. Харин юуг засаж болохгүй вэ гэвэл төгс төгөлдөр цагаан цаас. Учир нь тэнд засах зүйл байхгүй.
Райан Холидэй бас номын дэлгүүр нээн ажиллуулсан туршлагаа хуваалцсан нийтлэлдээ нэг санаа дурдсан байсныг санав. Тэрээр анх номын дэлгүүр нээх бодолтой байгаагаа Тим Ферриссд санаа бодлыг нь сонсох зорилгоор дуулгаж л дээ. Тэгэхэд Тим уг төслөө туршилт гэж хар хэмээн зөвлөж байж. Хоёр жил хийгээд үз, ашиггүй байвал эсвэл хийх дур буурчихвал больчихгүй юу гэжээ. Энэ зөвлөгөө мань эрийн сэтгэлийг тайвшруулж, итгэлтэй болоход тусалсан хэмээн Райан бичсэн байсан. Тим өдгөө хамгийн топд тооцогдох болсон The Tim Ferriss Show подкастаа ч анх цөөн дугаар л хийгээд үзье хэмээн эхлүүлж байснаа дурссан байдаг. Аливаа шинэ төслийг “trial” байдлаар харах энэ арга нээрээ хүний сэтгэлийг хөнгөлдөг бололтой.
Бичвэрийнхээ эхлэл рүү буцахад, товшлолууддаа нэлээн сайн бичээд байдаг хэр нь л, өөртөө сануулаад байдаг хэр нь л энэ мэтчилэн зарим зүйлийг мартчихсан явж байгаад, гэнэтхэн сүртэй нээлт хийсэн аятай санах юм, заримдаа. Юутай ч нөгөө санаагаа тун жижгээр цаг алдалгүй эхлүүлээд л үздэг хэрэг.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Эхлэх зориг олж авлаа, баярлалаа