Товшлол #87: "Intensity" хэрэгтэй тухайд
“Intensity” буюу эрчтэй, эрчимтэй байх, асах тухай бодлоо хуваалцъя. Маш товчоор тайлбарлавал аливаа эрчтэй, ассан зүйл илтэд мэдрэгддэг. Энэ ойлголтыг санагдуулдаг хүмүүс гэвэл дуртай зарим нэг сагсчид байна. Саяхан Крис Полд дуртай гэсэн чинь ангийн залуу их гайхаж хүлээж авах жишээний. Хор шартай байдлаараа сагсны фэнүүдийн хагасынх нь хүндлэлийг хүлээж, хагасынх нь дургүйг хүргэдэг болохоор тэр байх. Мэдээж, Коби. Түүний сагсанд зориулсан энергийг юутай ч зүйрлэшгүй. Ерөөсөө илэрхий их энерги гэж бас тодорхойлж болох мэт.
Ажлыг гараасаа гаргах, бүтээмжээ нэмэх тал дээр хоёр ойлголт голчлон яригддаг. Тууштай байдал (consistency) + Эрчтэй байдал (intensity). Тууштай байдлын чухлыг бол хүмүүс харьцангуй их ярьдаг, энэ талаар мэдээлэл ч элбэг. Нөгөөгийн тухайд харьцангуй бага болов уу.
Кал Ньюпорт Deep Work номдоо нэг ийм томьёо оруулсан байсныг санаж байна: Чанартай ажил гараас гаргах = (Зарцуулах цаг) х (Төвлөрөх эрчим)
Тэрээр ийн бичжээ:
Оюутнуудад зориулсан хоёр дахь номоо бичихдээ би Америкийн хамгийн өрсөлдөөнтэй топ сургуулиудад өндөр дүнтэй сурдаг 50 оюутантай ярилцсан юм. Би эдгээр ярилцлагаас юу ажигласан бэ гэвэл, хамгийн топ оюутнууд дүнгийн хувьд тэдний доохно яваа, дараагийн түвшний сайн оюутнуудаас хичээлдээ ихэнх тохиолдолд бага цаг зарцуулж байсан. Шалтгааныг нь өмнө дурдсан томьёогоор тайлбарлаж болох юм. Топ оюутнууд бүтээмжээ нэмэхэд тухайн зүйлдээ төвлөрөх эрчим чухал болохыг ойлгодог. Тийм ч учраас тэд хичээлийнхээ чанарыг алдуулалгүйгээр шалгалтад бэлдэх болон бие даалт бичих цагаа багасгах замаар хийж байгаа зүйлдээ улам илүү төвлөрдөг байна.
Ухаан нь сайн ажил хийхийн тулд нэг бол дундаж хэмжээнд төвлөрөөд зарцуулах цагаа нэмэх, эсвэл цагаа нэмэлгүйгээр төвлөрөх эрчмээ нэмэгдүүлэх ёстой аж.
Үе үеийн шилдэг бизнесүүд мөн эрчтэй, ассан үүсгэн байгуулагчдын хүчээр бий болдог. ChatGTP-ийг бүтээсэн OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман үүсгэн байгуулагчдын талаар нэгэнтээ ийн жиргэж байж:
Онцгой үүсгэн байгуулагчид хариу өгөхдөө үргэлж хурдан, сайн байдаг. Эхэндээ би яагаад ийм байдаг байна гэж гайхдаг байв. Энэ чанар нь тэдний шийдэмгий зан, төвлөрөл, эрч, ажил амжуулах чадварыг илтгэдэг. Үндсэндээ, хурдтай хариу өгөх эрмэлзэл бол үүсгэн байгуулагчийн хамгийн чухал шинжүүдийг агуулсан хүн үү гэдгийг эртнээс тандах нэг үзүүлэлт юм.
Бизнесийн салбар ч аргагүй өрсөлдөөн ихтэй; асуудал шийдвэрлэх, гүйцэтгэх нөү-хау хийгээд хурд, эрчтэй байдал өндөр байж байж л амжилтад хүрэх талбар. Гэхдээ эрчтэй, ассан байдал гэдэг бүх л талбарт, бүх л ажил үйлд ашиг тусаа өгөх, аливаа өрсөлдөөнд ялгарах гарцаагүй том орц. Аливааг бүтээнэ гэдэг тууштай байдал хийгээд эрчтэй байдлыг цагийг нь олж хослуулахын нэр болов уу гэж бодном.
Энийг уншиж байгаа та миний амьдралд эрчтэй, эрчимтэй байдал хэр тохиож байна гээд бодоод үзээрэй. Маш ойрын жишээ санагдаж байна уу? Ажил чинь үе үе асар эрчтэй байхыг шаарддаг уу? Эсвэл нэлээд олон жил “нормальдчихаж” уу? Мэдээж хүн хүний нөхцөл байдал өөр өөр байгаа. Зүгээр яг ингээд “эрчтэй байдал миний амьдралд” гэсэн сэдвээр эргэцүүлээд үзэх нь сонирхолтой дасгал болох байх гэж бодлоо.
Бичвэрээ төгсгөөд олон хүнд таашаагдсан нэг жиргээ олж үзсэнээ хуваалцъя. Төлбөрийн систем, санхүүгийн чиглэлд цойлсон Stripe-ийн ах дүү үүсгэн байгуулагчийн нэг Жон Коллисон ийн бичсэн байсан нь таалагдлаа:
Насанд хүрч байж л бид эргэн тойрондох зүйлс маань аясаараа бий болчихоогүйг, тэдгээрийг хүмүүс хийж бүтээсэн болохыг ойлгодог. Харин би бүр саяхнаас л, ер нь бүх л зүйл ямар их тууштай зүтгэлтэй зан шаарддагийг ойлгож эхэлж байна. Тэр зочид буудал, тэр парк, тэр төмөр зам. Дэлхий гэдэг ерөөсөө гал эрмэлзлээр бүтсэн ажил төслүүдийн музей мэт.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо