Товшлол #88: Zoom out
Кал Ньюпорт “Slow Productivity” хэмээх шинэ номдоо мэдлэгийн ажилтнуудыг (knowledge workers) үндсэндээ урт хугацаанд тогло хэмээн уриалжээ. Технологийн нөлөөнд түрэгдэн, завгүй харагдахаа урьтал болговч чанартай ажил гараас гаргахад улам хэцүү болсон өнөө цагт тэр мэргэжилтнүүдэд гурван зүйл бүхий шинэ ажиллах зарчим санал болгож буй нь:
Цөөн зүйл хийх (Do fewer things)
Өөрийн хэмнэлээр ажиллах (Work at a natural pace)
Чанарт төвлөрөх / шүтэх (Obsess over quality)
Өнөөдөр би юу хийж бүтээв гэж хэтэрхий нарийвчилж харах бус “zoom out” хийн том зургаар харж, зорьсондоо хүрэх/хүрсэн эсэхээ магад таван жилээр, магад арван жилээр харахын ач холбогдлыг таниулах гэж зорьжээ. Зарим ажил мэргэжлийн хүмүүст, зарим нөхцөлд нийцэхгүй мэт зөвлөгөө мэт санагдаж болох ч урт хугацааны тоглоом шүү гэх гол санаатай нь маргах хүн нэг их гарахгүй биз. Ялангуяа өөртөө өндөр шаардлага тавьдаг, адгуу хүмүүст бүр ч чухал зөвлөгөө.
Жэймс Клир үүнтэй холбоотой чухал санаа хэлсэн нь бий. Түүнийхээр, бидний өөрсдөдөө тавих ёстой асуулт бол “Одоогийн дадал хэвшлүүд маань намайг зорьсон газарт минь хүргэж чадах уу?” Хэрвээ энэ асуултад тийм гэж хариулж байвал та зөв чиглэлд (trajectory) явж байна гэсэн үг. Хэрвээ таны чиглэл зөв бол цаг хугацаа таны хамтрагч болно. Цаг хугацаа таны төлөө ажиллана. Чиглэл зөв тохиолдолд танд гагцхүү тэвчээр хэрэгтэй.
Харин дээр асуултад үгүй гэж хариулж байгаа бол чиглэл буруу байна гэсэн үг. Чиглэл буруу бол цаг хугацаа таны дайсан болно. Таны эсрэг ажиллана. Энэ санаан дээр Жэймс номдоо нэг ийм жишээ авсан байсан нь ойлгоход бүр дөхөм: Онгоц Лос Анжелесаас Нью Йоркийг чиглэн дөнгөж хөдөлж байна. Нисгэгч онгоцны хошууг ердөө 3.5 градус хазайлгав. Бараг л мэдэгдэхгүй өөрчлөлт. Замын турш энэ хазайлт томрон томорсоор үр дүнд нь онгоц Нью Йоркт бус Вашингтон ДиСи-д газардах юм. Тэгэхлээр бид хэр яваагаа өнөө маргаашаар, нэг сараар, нэг жилээр нарийвчлан харахаас илүү таван жилийн дараа, арван жилийн дараа хаана очих вэ гэдгээр хэмжүүштэй аж.
“Миний чиглэл зөв үү?” гэх энэ сэтгэлгээний давуу тал нь бидний замд гарцаагүй таарах таагүй явдлууд, саад бэрхшээлүүд, дургүй ч гэсэн заавал хийх ёстой зүйлс, өөртөө урам хугарах, эргэлзэх, шантрах өдрүүдийг даван гарахад тусална. Хэрвээ чиглэл зөв гэж итгэж байвал таагүй өдрүүд тийм ч хэцүү санагдахгүй.
“Сиддхарта” зохиолд (манайд орчуулагдсан) худалдаачин эр Сиддхартагаас юу чаддагийг нь асуухад “Би бодож чадна. Би хүлээж чадна. Би мацаг барьж чадна" хэмээдэг. Бидний зорилго бол өөрийгөө зөв чиглэлд байршуулах. Тэгээд өдөр тутам урагшлах гэж хичээх. Зориуд алгуурлахгүй байх. Урдах зам урт учраас хүлээх, цаг хугацаатай найзлах.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо