Hello. Удаан уулзсангүй. Зунаас хойш товшлол илгээж чадсангүй, хүлцэл өчье. Англи хэлээ сайжруулахтай холбоотой цувралаа бас тасалдуулчихсан. Цагийн боломж гарахаар тэдгээр нийтлэлээ нөхөж илгээнэ ээ. Төлөвлөгөө санаснаар болохгүй байгаа нь өнөөдрийн илгээх хэдэн санаатай утга санаа давхцах аж. АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерсын нэгэнтээ “Санах ёстой нэг дүрэм бол, амьдралд тохиох олон зүйл бодож байгаагаас чинь илүү их цаг авна. Харин яг тохиох үедээ бодож байгаагаас чинь илүү хурдан тохиох болно” гэсэн нь үүнийг бичиж байх үед санаанд оров.
Сүүлийн үед би юмыг их л удаан сурдаг хүн юм гэдгээ улам бүр ойлгож байна. Сүүлийн үед мөн шинэ юм төлөвлөх, санаачлахдаа цаг хугацаа, дунд нь гарах асуудлуудыг арай илүү тооцож сурч байх шиг. Энэ тал дээр илүү сайжрах хэрэгтэй ч нөгөө тал руу нь бас хэтийдүүлж болохгүйг өнөөдрийн жиргээнүүд сануулж байх шиг. Болно доо гэх өөдрөг бодлоо, өөртөө итгэх итгэлээ хадгалах нь чухал.
Ялангуяа энэ дунд гарах “өөрөө өөртөө тээг болохгүй байх” гэдэг санааг сүүлийн үед их бодож байна. Автор Жэймс Клир энэ тухай “Хүмүүс надад ‘Үгүй’ гэж хэлээгүй байхад би өөртөө ‘Үгүй’ гэж хэлээд яахав” гэж ярьдаг нь их хоногшиж. Тэрээр их сургуульд сурч байхдаа нэг эсээний тэмцээнд ороод түрүүлснээ жишээ болгон ярьсан байсан. Хэрвээ би зөв санаж байгаа бол, тэр тэмцээнд өөрөөс нь өөр оюутан эсээ бичиж явуулаагүй гэнэ. “Өөрөө өөртөө тээг болохгүй байх” гэдгийг өөртөө итгэлтэй байх, аливааг хийж үзэх, өөрийгөө ятган аливааг туршиж үзэхээс болиулахгүй байх зэрэгтэй жишиж болно.
Өөрөө өөртөө тээг болж ирсэн туршлага надад их. Хамгийн энгийн жишээ авъя. Өнөөдөр би өөртөө ингэж хэлж болох байв. “Ганзо, хийх юм ихтэй байна. Хичээл номдоо төвлөр. Чи Товшлолоо нэгэнт удаан бичээгүй. Нэгмөсөн хичээлээ гайгүй болгож байгаад алдалгүй долоо хоног бүр бич. Тэгээд ч өнөөдөр Товшлол гаргах хэмжээний материал алга.” Харин тэгж хэлэлгүй, бүрэн гүйцэд биш ч бай, логик уялдаагүй ч бай, бодож явсан сэдвээрээ хэдэн жиргээ хуваалцъя гэж шийдлээ. Дээр нь, хичээлийн хуваарь пүрэв гарагт бичвэр илгээхэд тохиромжгүй таараад байгаа тул, бас хэмнэлдээ эргэж ороход нэмэртэй биз гэж санаад шуудхан л илгээж байна.
***
Орчин цагийн топ энтрепренерүүдийн нэг, Stripe-ийн үүсгэн байгуулагч Патрик Коллисон ийн жиргэжээ:
“Бид юмсыг амархан болохоор нь хийдэггүй. Амархан байна байх гэж найдсан учраас хийдэг” гэсэн үг байдаг. Гайхмаар гүнзгий санаа шүү. Биширмээр зүйлсийг амжилттай хийж бүтээсэн хүмүүсээс туулсан замынх нь тухай асуухад олон хүн, хэрвээ урд нь урт бөгөөд амаргүй зам хүлээж байгааг мэдсэн бол эхлэхгүй байх байсан гэж хэлдэг нь тун сонирхолтой.
Үүний хариуд хөрөнгө оруулагч, эсээч Пол Грам ингэж жиргэжээ:
Хүмүүс стартап үүсгэн байгуулагчдын хэт итгэлтэй байдлыг шоолох нь бий. Үүнд нэг учир бий. Яг эрүүл рационал сэтгэлгээгээр харвал хэтэрхий хэцүү санагдах асуудлуудыг байгалиасаа хэтийдсэн итгэлтэй хүмүүс л зөвхөн барьж авдаг.
InterIntellect-ийн Анна Гаатын нэг жиргээ:
Баримтат кино бүтээгч Кэн Бөрнс АНУ-ын Ерөнхийлөгч асан Франклин Делано Рузвельтын тухай ийн ярьсан байдаг. Асар их эготой ФДР хэн ч өөрийг нь тааруу харагдуулж чадахгүй гэж үздэг байсан тул хамгийн чадварлаг хүмүүсийг ажилд авч чаддаг, тэр нь эргээд өөрийнх нь үзлийг бататгадаг байжээ.
Энртепренер, автор Жэймс Клир:
Бодит байдлаасаа яльгүй цаадахыг зорих нь өөртөө итгэлтэй байдлын идеал түвшин. Чи өөрийн бодит байдлаас хэт алсарвал хий солиорно. Харин өөрийгөө дутуу үнэлбэл өөрөө өөртөө тээг болно. Ихэнх хүн өөрийн итгэж байгаагаас илүүг хийх чадамжтай байдаг.
Мөн Жэймс Клир:
Өөртөө итгэх нь юмс бүтнэ гэсэн баталгаа болохгүй.
Харин өөртөө итгэхгүй байх нь юмс бүтэхгүй байх баталгаа болно.Өөртөө итгэлтэй байх нь автоматаар үр дүн авчрахгүй ч өөртөө эргэлзэх нь чиний таазыг тогтоож өгнө.
Ёсолсон,
Ганзо