AngelList-ийн үүсгэн байгуулагч Навалын зөвлөгөө: Бясалгал бол юу ч хийхгүй байх урлаг
Товшлолоо би 14 хоног тутам пүрэвт бичье гэж байгаа. Гэхдээ дундуур нь хааяа, зөвхөн имэйлээр захигсдадаа сонирхолтой бичвэр сэлт хүргэж байх санаатай байна. Жишээ болгоод дээхнэ олж уншсандаа ихэд олзуурхан Posted.mn дээр орчуулан тавьж байсан нэгэн хэлхээ жиргээг (thread) илгээе ээ.
Энэ бол AngelList-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч Навал Равикантын “meditation” буюу бясалгалын тухай өөрийн бодол санаа, туршлагыг хуваалцсан жиргээ юм. Бясалгал гэхээр л бид хэтэрхий хүндрүүлж бодох гээд байдаг шүү дээ. Харин ухаалгаараа гайхагддаг Навал бээр бясалгал гэдэг бол маш энгийн, та бидний бодсоноос хялбар зүйл юм шүү гэдгийг ойлгуулжээ. Орчин цагт хүн өөртөө цаг гаргаж бясалгах хэрэгцээ их болсон нь үнэн ч олон хүний хувьд яриад л байхаас биш хийдэггүй, дандаа л хүсдэг зүйл болчихоод байдаг тул энэ богинохон орчуулгыг та уншаад, туршаад үзээрэй.
Навалын тухай
Навал бол стартапуудыг хөрөнгө оруулагчидтай холбодог, технологийн салбарынхны сошиал платформ болсон AngelList-ийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал юм. Түүний хөрөнгө оруулсан компаниуд дунд Твиттер, Uber, Yammer зэрэг компаниуд бий.
БЯСАЛГАЛ - ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙХ УРЛАГ
"Бясалгал бол танд төрөхөөс заяагдсан эрх. Байгалилаг чанар. Бясалгал хийхэд танд өөр хэн ч, юу ч, ямар ч арга техник хэрэггүй. Хэн нэг багшийг, ямар нэг томьёог, ямар нэг сургаалыг шаардах аваас тэр зүйл бүх нийтийн биш болох бөгөөд таныг үл чөлөөлнө."
"Бид оюун санааны амар амгаланг хүсэж байна гэж хэлдэг ч үнэндээ оюун санаанаас чөлөөлөгдөхийг хүсдэг."
"Оюуны ямар ч арга техник таныг оюун санаанаас чөлөөлөхгүй."
"Төвлөрөл, мансууруулах эм, гоо үзэсгэлэн, баяр хөөр, дур тавилт, сүсэг бишрэл, энэ бүхэн бол оюун санаанаас чөлөөлөгдөх оролдлогууд юм. Харин бясалгахуй бол түүнд дөт хүрэх зам."
"Оюуны ухаан мэдээлэлд дарагдсан энэ цагт бясалгахуй бол оюун санаандаа мацаг барьж байгаа хэрэг. Эмч анагаагчид төлбөр төлж асуудлаа ярихын оронд өөрөө өөрийгөө сонс. Имэйлээ цэгцлэхийн урьдаар оюун санаагаа цэгцэл."
"Үүл хурсан цаг бороо ордог шиг үе мөчис ядарсан цагт бие унтана, оюун санаа тайвиржсан цагт бясалгаж болно."
"Өглөөгүүр тухтай байршил олоод нүдээ анин нуруугаа цэхэлж чимээгүй, хөдөлгөөнгүй суун бясалгахад бэлд."
"Оюун санаа тогтворжих нь цаг авдаг тул 60 минут суух нь 30 минутаас ч амархан. Бие махбод хөшүүн байдлаас уян чийрэг болоход цаг хэрэгтэй тул 60 хоног дараалан суух хэрэгтэй."
"Суух яг тэр хором мөчдөө энэ дэлхий дээрх цорын ганц хүн гэдгээ, таныг зааварлах, магтах, шүүх өөр хэн ч байхгүй гэдгийг ойлго."
"Юуны ч төлөө, юуны ч эсрэг ямар нэг идэвх чармайлт гаргах хэрэггүй. Юу л болбол болог. Тэр хором мөчид өөртөө бууж өг. Юуг ч, тэр байтугай эсэргүүцэх сэдлээ ч бүү эсэргүүц."
"Бясалгахуй гэдэг бодол дундуур сэлгүүцэхийн нэр бус, харин бодолдоо өөрийгөө “тушаах”-ын нэр юм. Би бясалгаж байна гэх бодол ч бодол мөн."
"Бясалгал гэдэг бол ариун, нандин, ид шидийн зүйл биш. Энэ бол юу ч биш."
"Үүнд төвлөрөл, томьёо, дарма, чакра, Будда, багш, талархал, бичээс, сүм, хөгжим, төхөөрөмжийн аль нь ч хэрэггүй. Зарим нь хэрэг болж болох ч эцэстээ тэр бүхнийг орхих л ёстой. Төгсгөлийг нь ийнхүү мэдэх тул энгийнээр эхэл."
"Бясалгалын олон арга бий ч “идэвх чармайлт гаргахгүй байх” л хамгийн нийтлэг арга юм. Хүн бүр ямар ч цаг үед юу ч хийхгүй байхыг сонгож болно."
"Бодлоо тэмдэглэж авах гэж босохын хэрэггүй. Сайхан санаа төрвөл эргээд санаж л таараа. Дахин санахгүй бол тийм ч аятайхан санаа байгаагүй гэсэн үг."
"Бясалгал гэдэг нэг хүний тоглоом. Өөрийгөө бусад бясалгагчидтай, эсвэл саяын бясалгалаа өөрийн өмнөх бясалгалуудтай харьцуулах нь утгагүй."
"Бясалгал амархан байсан бол та өөр юу ч хийхгүй байх байсан."
"Бясалгал хийхийн утга учир нь бясалгагч болохдоо бус. Үнэндээ бясалгагч болно гэсэн ойлголт байдаггүй. Хэрвээ бясалгал удаан үргэлжлэх, өөрт тээргүй өөрчлөлтийг авчрахгүй байвал, өөр нэг зүдгүүр, өөр нэг хөөцөлдлөгөө болохоос нь өмнө зүгээр л орхи."
"Энэ тал дээр өөр ярьж хэлээд, санал болгоод байх зүйл үгүй. Таныг хэн ч хаана ч хүргэхгүй, танд юу ч зарахгүй, ямар ч амлалт өгөхгүй. Бясалгалын талаар унших нь, ярих нь танд хэрэг болохгүй."
"Та бясалгал хийгээд бүтэлгүйтнэ гэж байхгүй."
"Бясалгалын талаарх бүх зөвлөгөөг, тэр бүү хэл энэ цуврал жиргээг ч бүү тоо. “Бясалгал бол юунд ч онц хэрэгтэй биш. Тиймээс л хүн бясалгалыг хийдэг.” @amirmotlagh
"Үнэнд ойртох тусмаа та дотроо бүр л чимээгүй болох болно."
"Сэтгэл хангалуун, амар амгалан, өөрөөрөө байх чадвар л эрх чөлөө билээ."
Танд миний илгээдэг Товшлол ба бусад бичвэрүүд таалагдсан бол бусдад санал болгож дэмжээрэй 🤟