"Зөнч" номын тухай
Энэ намар хоёр номын төсөл дээр ажиллаад Номын баяраар хэвлүүлж амжсан. “Товшлолууд” болон орчуулгын “Зөнч” хэмээх зохиол. Ньюслеттердээ өмнө нь “Зөнч” номын тухай төдийлөн дурдаагүй тул өнөөдөр товч мэдээлэл хүргэх гэсэн юм.
Энэ номыг анх Арвисын өөр нэг ном “Элон Маск”-аас мэдэж авч байв. Түүнийг орчуулах явцад нэг ийм хэсэг гардаг:
… Гэхдээ Маскт романтик тал ч байв. Нэг удаа Жастинд цэцэг бүрд нь зурвас зүүсэн цэцгийн баглаа илгээж байв. Бас хуудас бүрд нь хайрын үгсээ гараар бичсэн Халиль Жибраны “Зөнч” номыг бэлэглэж байжээ. “Тэр үнэхээр толгой эргүүлж чаддаг байсан” гэж Жастин дурслаа.
Энэ жишээ уг ном хэрхэн өргөн дэлгэр түгснийг, мөн хамгийн их бэлгэнд өгдөг номуудын нэг гэдгийг харуулдаг.
“Зөнч”-ийг би “Редакцын зурвас”-аараа гайгүй дэлгэрэнгүй танилцуулах гэж оролдсон. Мөн нэг онцолж хэлэх ёстой зүйл бол номын яруу гоёмсог орчуулга. Энэ бүтээл монгол уншигчдад орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламын хөрвүүлгээр хүрч байгаад сэтгэл өндөр байгаа.
Редакцын зурвас
Орчлонд ном бүтээл олон боловч манай гаргийн өнцөг булан бүрд түгж, бүх газар орны хүмүүсийн сэтгэлийг нэгэн адилаар соронздон татсан нь ховор. Онцгой тийм тавилантай нэгэн номыг өнөөдөр уншигч та гартаа барьж байна. 1923 онд АНУ-д хэвлэгдсэн энэ ном өдгөө дэлхий дахинаа лавтай 115 хэлэнд орчуулагдан, 100 гаруй сая хувь борлогджээ.
Энэ зохиолыг Ливан улсын Бшари тосгонд төрж, арванхоёр настайдаа гэр бүлийн хамтаар АНУ-д цагаачлаад хорь гаруй насандаа Францад урлагийн боловсрол олсон билигт яруу найрагч, зураач Халиль Жибран туурвисан юм.
“Зөнч” бол цэвэр яруу найраг ч биш, цэвэр философи ч биш, хүний амьдралдаа санаж баримталбаас зохих зүйлсийг үргэлжилсэн үгийн яруу найраг хэлбэрээр буулгасан, нууцлаг агаад философилог өнгө аястай бүтээл юм.
Номын үйл явдал Альмустафа хэмээх зөнчийн, арванхоёр жилийн цөллөгийн дараа нутаг буцахынхаа урьд өдөр Орфалес хотын иргэдэд өөрийн бодрол ухаарлыг хуваалцаж байгаагаар өрнөдөг. Альмустафа хайр, гэрлэлт, хүүхэд, ажил хөдөлмөр, баяр, гуниг, эрх чөлөө, нөхөрлөл зэрэг олон сэдвийг хамран сургаалт үгсээ айлдана. Ийн амьдралын бүх л тохиол учралыг хөндсөнөөрөө, хүмүүсийг өөрсдийн зүрх сэтгэлийн гүн рүү аялахыг урин дуудсанаараа энэ зохиол бүх үеийн, бүх төрлийн хүмүүсийн сэтгэлд нэвтрэх увдисыг олжээ.
Халиль Жибран англи, араб хэлийн аль алинаар зохиолоо бичдэг, өөр өөр хэл, соёлуудыг өөртөө шингээн цогцлоосон, өрнө ба дорнын уран зохиол, философийг сайтар судалсан нэгэн байв. Түүний мэргэн үгс амьдрал хийгээд юмс үзэгдэл бүгд хоорондоо шүтэн барилдлагатай болохыг; хайр, ойлголцол, нигүүлсэл гэдэг хүний амьдралын мөн чанар гэдгийг яруу тодорхой илэрхийлэн үзүүлжээ.
Хүн амьдралын бүх мэдрэмжээ хүлээн зөвшөөрөн хоорондоо уялдаатайг ухаарахыг, аливааг чин сэтгэлээсээ хийдэг байхыг, бүрхэг тодорхойгүй байдалд санаа чилээх хэрэггүйг ойлгуулах аж. Түүний амьдарч асан үеэс хойш дэлхий ертөнц итгэмээргүй ихээр өөрчлөгдсөн. Технологийн ололт, хөгжил урьд байгаагүй боломжуудыг буй болгосон ч хүнд сорилт бэрхшээлүүдийг бас дагуулан ирэв. Ганцаардал, туйлшрал талцал, байгалийн доройтол зэрэг хямралт асуудлууд дэлхийд оршсоор байгаа ийм цаг үед “Зөнч” зохиолын үнэ цэн, ач холбогдол улам нэмэгдсээр байна. Юмс хувьсавч хүний араншин, мөн чанар өөрчлөгддөггүй тул Халиль Жибраны үгс үе үеийн хүмүүсийг тайвшруулсаар, чиглүүлсээр, итгэл найдварынх нь эх булаг болсоор байх нь дамжиггүй.
Энэ гайхамшигт зохиолыг утга төгөлдөр, яруу сонсголонт хэв шинжийг нь алдуулалгүй эх хэлнээ буулгана гэдэг туйлын бэрх сорилт. Харин монгол уншигчид бидний аз болоход орчуулагч, яруу найрагч Ганбатын Лхагвадулам энэ зохиолыг гардах завшаан тохиосон юм. Энэ зохиолыг итгэл төгс гэгч нь өөртөө бэлэг болгон унших, бусдад бэлэг болгон барих боломжийг олгосон авьяаслаг орчуулагчдаа гүнээ талархаж байна.
Халиль Жибран нэгэнтээ дотнын найздаа номынхоо тухай өгүүлсэн нь: “Зөнч үнэндээ ганц л зүйлийг хэлдэг юм: Чи угтаа өөрийн төсөөлж байгаагаас хавьгүй хүчтэй бөгөөд бүх зүйл сайн байгаа.”
Уншигч таны зүрх сэтгэлийнхээ чанадаас тэр хүчийг олж авах аян гэрэлтэй, дардан байг!
Орчуулагчийн тухай
Г.Лхагвадулам нь Эдна Сент-Винсент Миллей, Ли Бай, Билли Коллинс, Иехуда Амихай, Шэрон Өүлдс, Вислава Шимборска нарын зэрэг олон арван найрагчийн бүтээлээс эх хэлнээ орчуулсан. Эмили Дикинсоны шүлгүүдийг “Орчлонд илгээх захидал” нэрээр, Чарльз Буковскийн шүлгүүдийг “Ийм номд нэр өгөөд яах вэ” нэрээр хэвлүүлсэн. Мөн Хятадын цагаач ажилчдын яруу найраг “Төмөр сар” түүврийг эмхэтгэсэн нь олны хүртээл болжээ.
Ёсолсон,
Ганзо


