Hello
Сайн уу,
“Товшлол” хэмээх шинэ буланд маань тавтай морил. Булангаа Ганзогийн гэж тодотгосон нь энд бичигдэх зүйлс миний л санаа бодол, үзэмж, шүүлтүүрээр орох учраас тэр юм.
Миний бие 2015 онд "Unread Media"-г Зак, Уундаа хоёрын хамт үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл редактораар ажиллаж байна. Энэ зуур "Арвис Паблишинг"-ийн нэрийн өмнөөс “Өөдөө тэмүүл”, “Элон Маск” зэрэг хэд хэдэн орчуулгын, баримтат ном эрхлэн гаргасан. "Unread", "Arvis" дээр хийдэг зүйлс минь үндсэндээ бусадтай санаа хуваалцах, сэдэл өгөх гэж хэлж болно. Товшлолын зорилго ч үүнээс гажилгүй сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцахад оршино.
Одоо, товшлол хэмээх үгийн тухайд цөөн үг. Бичвэрээ би компьютерын гар товшиж л хүргэнэ. Үүний сацуу зарим зүйлсийг товчлон, нуршихгүй бичнэ гэсэн санаа агуулж байгаа юм. Товших, товшлох, товчлох гэх үгүүдээс үүсгэсэн нэршил гэх үү дээ.
Түлхүүр сэдвүүд: Ажиллахуй, карьер, суралцахуй, өөрийгөө хөгжүүлэхүй, бүтээмж, дадал
Давтамж: Баасан гараг бүр
Товшлолын бүрдэл хэсгүүд:
Бодрол - Хувийн бодол, ажиглалт, туршлага (товчхон)
Санаа - Тэмдэглэлийн дэвтрээс чирч авчрах санаж сэрүүштэй өгүүлбэрүүд, эшлэлүүд (гурваас ихгүй)
Дажгүй - Туршсан, хэрэглэсэн, хийсэн зүйлсээс таашаасан, дажгүй санагдсан нэг, хоёр юм. Юу ч байж мэднэ. Cool stuff.
Буухиа - Дамжуулмаар, хуваалцмаар, сануулмаар нийтлэл, контентууд (гурваас ихгүй)