Товшлол #36: Үйлдэл биднийг тодорхойлно
Сонирхолтой, мэдүүштэй, шинэ санаануудыг хуваалцах долооног тутмын товшлол. (Товшлол = Товших + Товчлох)
Сэтгэгдэл
Өмнөх товшлолд нэгэн танил уншигч ийм сэтгэгдэл ирүүлжээ:
Баярлалаа Ганзо чухал товчлол болжээ. Цаг гарган дахин сэргээсэн нь сайн байна шүү… Саяхан надтай хэцүү байгаагаа хуваалцсан 2 хүнд илгээлээ.
Үүнийг хараад уншигчдаас товшлолууд өөрт нь эергээр нөлөөлсөн, юм бодуулсан, үйлдэл хийлгэсэн тухай хуваалцууштай сэтгэгдэл авбал хааяа оруулж байя гэж бодлоо. Марк Мансон имэйл товхимолдоо бас ийм хэсэгтэй байдаг. Товшлол дахь санаанууд танд эерэг сайнаар нөлөөлсөн жишээ байдаг бол надтай хуваалцаж байгаарай. Урамшдаг юм шүү :)
Санаа
Энтрепренер, бичээч Дерек Сиверсийн нэг ийм үг бий:
“Хэрвээ (илүү) мэдээлэл асуултын хариулт болдог сон бол бид бүгдээрээ бэлхүүс нарийнтай тэрбумтнууд болохгүй юу.”
Үнэн дээ. Орчин цагт мэдээллээс их юм алга. Дээхнэ үед бол мэдээлэл сайтай, мэдээлэлд түрүүлж хүрсэн хүн хүчтэй байдаг байлаа. Мэдээлэл элбэг үед тэгэхлээр юу хамгийн чухал вэ? “Action” буюу үйлдэл хийх чухал юм аа. Мэдээллийг чулуу болгох. Үйлдэх. Хийх. Бүтээх.
Жэймс Клир үйлдэх тухайд:
“Та өөрийгөө ихэвчлэн бодлоороо дүгнэнэ. Бусад бүх хүн таныг үйлдлээр тань дүгнэнэ. Буруу ойлгогдлоо гэж бодсон үедээ үүнийг санууштай. Өөрийн юу мэдэрч буйг бусдад мэдэгдье гэвэл та ямар нэгийг хийх буюу хэлэх ёстой” гэжээ.
Тэрээр мөн “Таны үйл хөдлөл тухайн зүйлийг хэр их хүсэж байгааг илтгэнэ. Хэрвээ та аль нэг зүйлийг ихэд чухалчилж байгаа гэчихээд тэр талаар үйлдэл хийхгүй бол үнэндээ хүсэхгүй байна л гэсэн үг. Энэ нь өөртэйгөө шударга ярилцах цаг болсныг илтгэнэ. Үйл хөдлөл л таны жинхэнэ мотивацийг харуулна” гэж бичжээ.
Үүнийг Кевин Келли арай өөрөөр хэлсэн нь:
“Чамайг юу хийж байгаа чинь л тодорхойлно. Хэлсэн үгс, итгэл үнэмшил, эсвэл өгсөн санал чинь биш. Харин юунд цагаа зарцуулж байгаа чинь л илтгэнэ.”
Өмнөх товшлолд дурдсан Марк Мансоны номд “Ямар нэгийг хийх” зарчмын тухай гардаг. Тэрээр “Миний амьдралдаа сурсан магад хамгийн чухал зүйл бол: Үйлдэл гэдэг зөвхөн мотивацийн үр дүн бус, бас шалтгаан нь байдаг” гэжээ.
Өөрөөр хэлбэл бид мотиваци, урам зориг төрсөн үед л үйлдэл хийх гээд байдаг. Хийх хүсэл төрөхийг; зөв цаг, таатай нөхцөл бүрдэхийг хүлээх гээд байдаг. Гэвч хүний зан төлөв хэзээд “Law of Least Effort”-ийг дагадаг. Өөрөөр хэлбэл, бид залхуу бөгөөд хоёр ижилхэн сонголттой туллаа гэхэд аль амархныг нь дандаа сонгодог жамтай. Үүн дээр нэмж хэлэх зүйл гэвэл, мотиваци төрсөн үед угаасаа хүн бүр л шаргуу хөдөлж, ажиллаж чаддаг. Мотиваци байхгүй үед хийх ёстойгоо хийж чаддаг байх нь хүмүүсийн хооронд жинхэнэ ялгааг үүсгэнэ.
Тэгэхээр өөрчлөлт хийх, юм бүтээх мотиваци төрөхгүй байвал зүгээр л ямар нэгийг хий. “Ямар нэг” гэдэг нь хамгийн жижиг үйлдэл, хамгийн энгийн алхам байж болно. Юу ч байж болно. Энэхүү зарчим нь аливааг хойшлуулах зуршлыг сэт татаад зогсохгүй шинэ зүйлсэд дуудаж, шинэ боломжийг ч нээх магадлалтай.
Мотиваци –> Үйлдэл гэсэн нэг чиглэлийг бус,
Үйлдэл –> Мотиваци –> Үйлдэл –> Мотиваци гэсэн тойргийг үүсгээрэй. Хийх, үйлдэхийг амжилтынхаа хэмжүүр болго.