Зээ, бүгд сайхан наадсан биз ээ. Үер гэж хэсэг үймээд, наадам гэж хэсэг амсхийгээд долоон сар ч дороо жирийлээ. Гэхдээ зуны налгар цаг хараахан дуусаагүй, хот хөдөлгөөн багатай нэг тийм үе үргэлжилж байна. Бичвэрээ хоёр ч долоо хоног өнжөөдөхлөө, уг нь тийм санаа байгаагүй ч. Зургаан сарын сүүлээр хамрын таславч тэгшлүүлэх хагалгаанд ороод, дараа нь гам алдсан уу яасан жаахан ядранги толгой манаранги явж байгаад ойрноос гайгүй болж байна.
САНАА
Ойрд тэнцвэр хадгалах санааг нэлээн бодсон. Нэгэн зэрэг эсрэгцсэн хандлагуудтай байх буюу хоёрдмол хандлагатай байх тухай. (Хоёрдмол хандлагын тухай би энд товшиж байв).
Саяхан Жэймс Клир ийн жиргэсэн байсан:
“Амьдралдаа барих хамгийн гол тэнцвэрийн нэг бол, нэгэн зэрэг болгоомжтой хийгээд зүрх зоригтой байх байх явдал юм. Тэнэг алдаа гаргахаас хийгээд тэнхээгээ бүрмөсөн барчихаас зайлсхийх, аюулгүйн заагийг барих (“margin of safety”-ийн тухай би энд товшсон) хэмжээний болгоомжтой байх.
Тэр зуураа өөртөө бооцоо тавих, хийхгүй үлдээвэл харамсах зүйлсийг хийх, богино хугацаанд тухгүй байж түүнээсээ суралцан урт хугацаанд өсөж хөгжих хэмжээний зүрх зоригтой байх.”
Саяын үер ч бас улаанбаатарчуудыг их л бухимдууллаа. Улс орон, хотын байдалд бухимдаж бүтэхгүй нь, эндээс явна гэсэн олон пост харав.
Би урьд нь их л өөдрөг байдаг байлаа. Гэвч сүүлийн үед улс орны байдлыг хараад манайх ч хөгжинө гэж мөдгүй нь дээ гэж гутранги бодолд үе үе тээглэдэг болж. Монголыг орхиод явж буй хүмүүсийг хараад, тэд нь голдуу чадалтай боловсролтой хүмүүс байдаг тул харамсдаг харамладаг байсан бол одоо сонголтыг нь хүндэлдэг болжээ. Хүн нэг л амьдарна. Өөрийн бодол өөртөө зөв. Нэг найзын хэлснээр, бидэнд “toxic positivity” хэрэггүй.
Гэлээ гээд яахав, эндээ “үгээ хэлээд” тэр сацуу сайхан цаг ирнэ гээд өөдрөг байлгүй горьгүй. Зүтгэл тэмцэлгүй хий өөдрөг байгаад бол нийгэм сайжрахгүй, ирээдүйг мартаад зөвхөн одоодоо уухилаад стрессдээд байвал амьдрал бас утгагүй. Стресстэй, бас өөдрөг байж л урагшлах биз.
Гадагшаа нүүж байгаа хүмүүс ч ялгаагүй, балансыг олж л амьдарна. Тэндээ статус буурч очоод бүхнийг тэгээс эхэлж “зовох” ч амьдрах эрүүл саруул, тайван амгалан орчин угтана. Өөрийгөө зарим талаар золино, эх нутгаа санахын зовлонтой ч үр хүүхдэдээ таатай сайхан амьдрал бэлэглэнэ.
Нөгөөтээгүүр манайх шиг жижиг улсад өөрийн салбар чиглэлд зориод зүтгэвэл жижиг том өөрчлөлт гаргах боломж бас их харагддаг нь Монголдоо үлдэх нэг шалтгаан гэмээр.
Гээд бодохоор, улс нийгмийн өмнө бид хүчгүй, бас хүчтэй.
Бид хувь заяагаа өөрсдөө өөрчлөх боломжтой гэж бат нот итгэх, бас зарим бэрх цагт хувь заяа амьдралыг шийддэгийг хүлээн зөвшөөрөх.
Хүссэндээ хүрнэ гэсэн зориг итгэлтэй байх, бас одоо хаана яваагаа хүлээн зөвшөөрөхүйц даруухан байх.
Амьдралын бас нэг чухал тэнцвэрийн тухай Жэймс Клир ингэж хэлжээ.
Битгий яар, гэхдээ битгий хүлээ. Яарангуй үйлд, гэвч аливааг тодорхой цагт амжуулах хүлээсээс өөрийгөө чөлөөл. Чи амьдралаа олонхоос алсуур хол харж чадвал, тэднээс илүүг бүтээж чадна. Хэрвээ зорилгод чинь олон жил шаардлагатай бол одоо эхэл.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
***
Арвисын шинэ номууд: Таван тойргийн судар & Галатеа