САНАА
Өнгөрсөн долооногт мөнгөний дүрмүүдтэй байх нь чухал талаар бичсэн. Аливаа дүрэм гэдэг алхам тутам шийдвэр гаргах шаардлагаас чөлөөлж, амьдралыг хөнгөвчилдөг.
Хүн болгон л өдөр тутамдаа, эсвэл амьдралдаа мөрддөг дүрэмтэй байдаг байх. Гэлээ ч тэр болгон түүнийгээ бичиж буулгаад байдаггүй. Хэрвээ та баримталдаг дүрмүүдээ буулгаагүй бол нэг бичээд үзээрэй.
Надад бичиж буулгасан дүрмүүд байдаг ч ойрд шинэчлээгүй, үе үе шагайж харахгүй болсон байв. Тиймдээ ч юм уу ойрд нэг л цэгцгүй яваад байв. Тэгээд өнөөхөө шинэчилж нэг санаа амрав. Эхлээд их олон юм жагсаах гээд байсан тул заримыг нь хасаад “5 х 4” гэсэн формат зохиогоод жагсааж үзэв.
Миний дүрмүүд (2023 оны 9 сар):
Хүсүүштэй долооног, Хүсүүштэй өдөр, Ажиллах ерөнхий дүрэм, Дадал гэсэн дөрвөн хүснэгтэд 5, 5 зүйл жагсаалаа. Яагаад ингэж хуваав гэвэл нэлээн тайлбар хэрэгтэй болох байх. Ямартай ч санаа болгоных нь ард түүх/тэмцэл/шалтгаан бий. Энэ форматыг товчхон базахад, чухал зүйлсээ нэгтгэж өөртөө сануулах + хэрэгжүүлдэггүй хэт олон юмны хүслийн жагсаалт болгохгүй гэсэн баланслах санаа байгаа юм. “Keystone habit” гэдэг нь бусад дадлыг дагуулах, хөнгөвчлөх гол дадал. “Time-block” гэдэг нь энд товшиж байсан аргачлал. Энэчлэн та өөрийн дүрмүүдийг буулгаж үзэх бол тохирох формат олоорой.
Би өөрийн хамгийн сайн хувилбарын хүсэж буй дүрмүүдийг л гаргадаг. Тэгээд олон юм бодолгүй тэдгээрийг дагадаг.
@ShaneAParrishЗаримдаа надад фитнест явах хүсэл төрдөггүй. Гэвч түүнийг хуваарьтаа оруулсан л бол хийх ёстой. Миний мэдрэмж саналын эрхгүй. Мэдрэмжээ тэгшитгэлээс хас.
@jockowillink
ГОЁ
Шэйн гэснээс Шэнг Ванг гэж мундаг комедиан байна. Нетфликс дээр “Sweet and Juicy” спэшл нь байсныг саяхан дахиад үзэв. Англиар комеди үзэхээр заримдаа мэдэхгүй үг хэллэг, ахуй соёлын ялгаанаас болоод 100 хувь ойлгодоггүй ч инээхийн зэрэгцээ тэр мэдэхгүйгээ мэдэх талаасаа хэрэгтэй санагдаад байдаг юм.
АСУУЛТ
(Энэ хэсгийг туршина аа. Долоо хоногтоо нэг асуултад хариулаад үзье.)
Таны хүсүүштэй долооног ямархуу вэ?
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
Ажилдаа тайван алхаж ирэх, өдөрт хийх зүйлсийн жагсаалт гаргаж, түүнийгээ тухайн өдөртөө гүйцэлдүүлэх, оройн хоолоо эрүүл хөнгөн маягаар хийж идэх, ном унших, дасгал хийх, амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ цагийг үр бүтээлтэй, тайван өнгөрөөх, бас амралтаараа нэг сайхан их цэвэрлэгээ хийх эдгээрийг гүйцэлдүүлчихвэл их сэтгэл ханамжтай сайхан өнгөрөөд байгаа "Долооног" маань. Бас их тэмцэл, процессийн дүнд иймэрхүү байдлаар 7 хоногоо өнгөрөөж сураад 2 сар гарантай явж байна. :) Одоо нэмээд ур чадваруудаа сайжруулах, 7 хоногт нэг чадварт суралцах гэх мэтээр бага багаар, тогтмолоор зуршил үүсгэх хүсэлтэй л байна, гол нь хэт өөрийгөө цуцаахгүйгээр.