Товшлол #68: Царааг багасга, хуваариа дага
САНАА
Өнөөдөр юу бичих билээ гэж баахан бажгадсаны эцэст хэрэгжүүлэх гэж хичээдэг цагийн менежментийн нэг техникийнхээ талаар хуваалцъя гэж шийдлээ.
Энэ бол Жэймс Клирийн “reduce the scope, but stick to the schedule" хэмээдэг арга юм.
Хийх зүйлдээ эцэсцэг (deadline) зоохын оронд цагийн хуваарь гаргаж, түүнийгээ дагахын чухлыг нөхөр их онцолдог. Мэдээж зарим үед зарим ажилд зайлшгүй эцэсцэг зоох шаардлагатай. Харин удаан хугацаанд тогтмол хийе гэж байгаа ажилд бол эцэсцэг бус хуваарь зоох нь илүү чухал гэнэ. Өөрөөр хэлбэл, “2024 оны төгсгөл гэхэд би гоё биетэй болсон байна” гэх мэт зорилт тавих нь үр дүн муутай. Түүнийн оронд даваа, лхагва, баасан гарагт би фитнест явна гэсэн зорилт тавих хэрэгтэй. Энэ бол Жэймсийг өөрийг нь бичээчийн хувиар өндөр амжилтад хүргэсэн арга юм.
Уулаас ойлгомжтой гэмээр санаа тул аливаа зүйлд тогтмол хуваарь гаргахын чухлыг хүлээн зөвшөөрье. Одоо харин хуваариа алдахгүй тогтмол хийх нь чухал болж ирнэ. Чухам энэ үед нөгөө “царааг багасгах” арга маань хэрэг болно доо.
Аливааг тогтмол цагийн хуваарийн дагуу хийнэ гэдэг хэлэхэд хялбар ч хийхэд бэрх эд. Амьдралд төрөл бүрийн л асуудал бэрхшээл, саад сатаарал тохионо. Түүнээс болоод бид тогтсон хуваариа нэг алдана, хоёр алдана, тэгээд бүрмөсөн хаячих нь олонтоо. Жишээ авбал, өдөр бүр гадаад хэлээ 30 минут давтана гэж өөртөө амласан гэж бодъё л доо. Гэнэтийн явдлаас болоод тэр өдөр 10 минут л олдов. Энэ үед бид, за за өнөөдөр худлаа боллоо гээд өөртөө “чөлөө” өгчихдөг. Харин энэ үед хийх зүйлийнхээ царааг багасгаад 10 минут ч болов хэлээ давтах нь олон талын ашигтай. Дөнгөж 10 минут хэлээ давтах нь онцын өөрчлөлт гаргахгүй мэт санагдаж болох ч өнөөдөр төлөвлөсөн ажлаа хийж дуусгасан гэдэг утгаараа сэтгэл зүйн хувьд ялалт болно. Улмаар энэ техникээр урт хугацааны сайн дадлуудыг өөртөө суулгаж болох билээ.
Миний хувьд, энэ техникийг заримдаа ашигладаг. Заримдаа ч тусыг эс олно.
Бас бага зэрэг хувиргаад ингэж ашиглах гэж хичээдэг юм: Эхлээд дэвтэр дээр тухайн өдөр хийх зүйлсээ цагаар зооно. Өмнө бичсэн бүдүүвчлэх аргын дагуу (time-blocking). Тэгээд тухайн цагт зоосон зүйлээ хийж чадахгүй ч байсан, хийхийг хүсэхгүй байсан ч ядаж өөр зүйл битгий хий, сошиал медиа руу бүү ор, интернэт бүү хэс гэж өөртөө хэлдэг. 14-15.30 цагийн хооронд хичээлээ хийнэ гэж бичсэн бол зүгээр л өөр юм битгий хий гэнэ. Хийхгүй байх нь хамаагүй, өөр зүйлд битгий сатаар гэчихлээр их бага ямар нэг хэмжээгээр урдахаа хийж таардаг.
Нэг бодлын өөрийгөө хуурч юм хийлгэх л арга юм даа. Тархи гэхдээ ихэнх тохиолдолд 10 минут л хэлээ давтчихъя гэж бидэнд хуурагдаж ороод 30 минут түгжигдчихдэгийг санууштай. Комедиан Жэрри Сайнфэлдийн хэлдгээр “Тархи гэдэг чинь амархаан сургаж болох нялх амьтан. Түүнийг захирах амархан. Тархийг хашиж хязгаарлах хэрэгтэй. Хийлгэх зүйлээ системчилж, байнга давтуулж байх хэрэгтэй.”
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо