Товшлол #70: Хэлбэр биш агуулга
Албан бусаар “Монголын зовлон” гэж гарчиглаж болох Товшлол маань энэ удаа жаахан улс төржилттэй, магад жаахан цохилттой, жаахан замбараагүй байж магадгүй. Цагандаа баригдаад нэмж удаан суухыг бодсонгүй ээ.
САНАА
Баатарын “The Mongol Khan” жүжгээс болоод улсаараа хуваагдан ухааны постуудаа уралдуулж байна. Энэ бүхнээс монголчууд бид өөрсдийгөө харах, бодох дүгнэх боломж гарч буй нь Лондоны аяных нь хишиг юм байлгүй.
Үндсэндээ “тэгнэ ээ тэр” ба “шүүмжлүүлж байж хөгжинө, битгий тамын тогоод" гэсэн хоёр тал байна.
Би бол “тэгнэ ээ тэр” гэсэн хэсэгт нь байгаа. “Битгий налиганаад бай” гэсэн маягийн бичвэр товшиж байгаагаас хойш шууд л хэлчихье. Би Баатарт дургүй, улс төрийн хорчинд нь. Засаг төрийг пи-араа л урьтал болгодог болгосонд дургүй. Тагтаагийн Баясгалантай бичсэнтэй санал нэг байдаг:
“Б.Лхагвасүрэн гуайн жүжгийг Х.Баттулгын үзэл санаагаар оруулж, Баатарын найруулгаар дэглэж, Оюун-Эрдэнийн мөнгөөр угаачхаар нэг иймэрхүү отог овгийн байгууллын үеийн сэтгэлгээтэй, орчин үеийн үзэгчид хамраа чимхэхээс аргагүй балмад үзэл санаа нэвт ханхалсан холион бантан болж хувирч уу гэж бодмоор.”
Ийм болохоор би Монголд гарч байхад нь үзье гэж бодоогүй. Жүжгийн санааг бол зарим нэг монгол шүүмжээс гадарладаг байсан. Гол нь суурь санаа нь, суурь арга барил нь ингээд улс төртэй холилдоод заваараад явчихаар яаж ч гоёж гоодоод итгэл үнэмшил төрдөггүй юм.
Гэхдээ үнэнээ хэлэхэд, би Баатарыгаа бас бүрэн “cancel”-дчихаагүй, Инстаграм дээр дагадаг, Лондонд гангарч буй гоё дээлтэй Эби, Боогий хоёрын зургийг нэг удаа гоё байна гэж сторидсон гэдгээ хүлээн өчсү. Үзэл санаандаа үнэнч биш, өнгөнд л явчихаж, ядуугийн комплекс илэрч дээ, хөөрхий.
Монголын зовлон их юм аа. Ядуугийн, харанхуйн, цөөхний зовлон.
Монголд тэгээд шүүмж хэлж болдоггүй, цөөхүүлээ болохоор шууд дайсан хураах гээд байдаг гачлантай. Болушка хатуу бичиж:
Монголын токсик позитивити өнөөдөр аймар бн… Нөгөө талаар монголчууд өөрсдөө уран бүтээлчдэдээ болоод байна гэсэн ойлголт өгсөн. Толгой эргэм худал магтаалууд, постерын өмнөх гоёж гоодсон зурагнууд, хоцрогдсон патриарх зохиолчийг агуучлан шүтсэн төөрөгдөл, найруулагчийг долоосон, хайртай дуртайгаа, уран бүтээлийн ахан дүү болохоо бялууртал баталсан постууд бүтэн 2 жил үргэлжилсэн. Тайз мэддэг, арай утга зохиолын боловсролтой хэд ч эс үйлдэл хийсэн… Ингээд энэ их хөөсрөл дотроо хөөсөрсөөр байгаад хил давсан. Дэлхийд харин манай худал хуурмаг, гяланцаг пяланцаг, палдий долдой нэг нэгийгээ долоосон шүлсэдсэн юм хамаагүй. Дэлхийг ер нь яагаад ингэтэл хөгжсөн гэж боддог юм? Үнэн-д ойртож байж хөгжсөн юм.
“Монголын токсик позитивити, худал хуурмаг, монгол хүний үнэнээс зугтах хулчгар занд ёроол үгүй ажээ. Монгол хүн би бичихээр атаархсан барьцсан болдог байж. Гаднын тайзны экспертүүд бичээд өгч байхад л -Шүүмжилж байвал сайн, -Тийшээ гаргаад Монголыг яриулаад өглөө, -Уран бүтээлчид маань болж бн гэхчлэн булзааруулж, уран бүтээлчдийг мэлхий мэт чанаж буй худал хуурмагийн халуун тогооны хэмээ улам улам нэмэх аж… Ер нь ганц энэ жүжигтээ ч биш. Монголчуудын сэтгэлгээ дэлхийгээс зуу зуун жилээр хоцорч явна. Ийм нийгэмд 21-р зууны хэм хэмжээ бичиж суудаг би өнөөдөртөө тэнэг нь болог. Хамаагүй ээ, үнэн орших нь өөрөө урлаг юм!”
Санал нэг ээ.
Булгаа бас бидний хэлбэр, вакуумжилт гадагшаа гараад нэмэргүй болдог тухай бичсэн байсан:
Гадагшаа сургуульд эсээ бичихэд л ийм шүүмжлэл их авдаг сан. Гоё, лаг үг хэрэглэх чинь хамаагүй, гол санаа чинь юу юм, юугаар номолж байгаа юм гээд. Гоё үгтэй бичвэл л мундаг гээд ойлгосон бидэнд тэр шилжилт их хэцүү.
Товчхондоо шүүмж хэлж суръя, авч суръя. Энэ их хөөсрөл, хэлбэрдэлт, пропоганда, зусардалт шиг бидэнд хортой юм үгүй. Санаагаа гоёчлолгүй, элдвээр хулдалгүй, утга уянгагүй хэлж харилцаж сурмаар байна, хэдүүлээ. Ингэж сурвал хувийн харилцаанаас өгсүүлээд нийгмийн үзэл санаанд бага ч атугай ахиц гарахад нөлөөлнө дөө.
Өөр дээрээ жишээ авъя. Би хувь хүнтэй харилцах тал дээр бол ил шулуун хэлдэг хүн биш, зөөлөндөө орох байх. Тэр зангийн тодорхой хэсэг нь хүн болгонд тал алдахгүй гэсэн, таалагдах гэсэн зангаас бас болдог юм байна гэдгийг өнгөрсөн өвөл сэтгэл зүйчтэй хэдэн уулзаж байж ухаарсан. Хортой юм билээ. Хэн нэгний дургүйг хүргэхгүйгээр хүн өөртөө үнэн байхгүй юм билээ. Ойр тойронд маань улалзаж байгаад ч болов хэлчихдэг хүмүүс байдаг. Тухайн үедээ аягүй байвч тийм хүнийг хүн сонсдогийг, харилцаа эрүүл байдгийг анзаарсан.
Санал нийлэхгүй байгаа бол, чамд шүүмж хэлж байвал аль болох эрүүлээр харъя. Чиний аргументыг няцааж байна уу, эсвэл чамайг хувь хүн рүү чинь орж доромжлоод байна уу? Зүгээр л тэр хүний эго ил гараад байна уу, эсвэл бодитой шүүмж дуулсан чи хариуд нь логик биш эгогоо ажиллуулаад байна уу? Хүмүүс Баатарын агуулгагүй хэлбэрдэлтийг, продакшнаа зодсон төсөв нь ил тод биш байгааг шүүмжлээд байна уу, эсвэл шүүмжлэхийн дон туссандаа дэлхийд гарч буй жүжгээ хойш татаж тамын тогоонд чихэх гээд байна уу? Би бусдыг доош хийхгүйгээр өөрийгөө магтаж, өөрийгөө илэрхийлж чадаж байна уу?
За яахав, яг бодит байдал дээр танил хүмүүстээ, зам огтлолцоно гэж бодож буй хүмүүстээ сөрөг юм хэлэх амар биш л дээ, Монголд, мэдэж байна. Гэхдээ л ийм байдал хортой, бид энийг тодорхой хэмжээгээр засаж байж л урагшилна гэдгийг санах хэрэгтэй.
Чамтай ил “үзэлцэж” байгаа хүн бол одоо цагт бараг адислал шүү гэсэн мессежтэй өглөөхөн таарснаа эцэст нь хуваалцъя. Ийм сэдвээр бичнэ гэж мэдсэн юм шиг Роб Хендерсон өнөөдөр Роберт Грийний номын хэсгээс стори оруулж:
Хүмүүс барагтай л бол шууд дайсагнадаггүй тийм эрин үед бид өнөөдөр амьдарч байна. Нийгэм, улс төр, цэргийн харилцааны дүрмүүд өөрчлөгдөв, дайсан гэдгийн утга ч мөн адил. Ил тод дайсан гэдэг ховор бөгөөд тэр хэрээр бэлэг мэт болжээ. Хүмүүс чам руу барагтай л бол шууд дайрахгүй, санаа зорилгоо, чамайг сүйтгэх хүслээ оторлодог болсон. Оронд нь тэд дипломат, шууд бус арга баримтлана. Дэлхий ертөнц улам л өрсөлдөөнтэй болж буй ч түрэмгийлсэн хандлагыг буруушаах болсон тул хүмүүс газар доогуур явж сурав, таамаглашгүй байдлаар халдах болов. Олон хүн нөхөрлөлийг түрэмгий хүслийн халхавч болгон ашигладаг: Тэд илүү өвтгөхийн тулд чамд ойртоно. Эсвэл тэд найз болохгүйгээр тусламж, түншлэл санал болгоно: Эхэндээ дэмжиж буй мэт санагдавч эцсийн дүнд чамаар өөрийн эрх ашгийг урагшлуулж байдаг. Мөн “ёс зүйн дайн”-д гаршсан, өөрөө хохирогчийн дүрд тоглож, ямар нэг тодорхойгүй үйлдлээр чинь түрүү барин чамд гэмших мэдрэмж төрүүлэх гэсэн хүмүүс ч бий. Өдгөө тулааны талбар энэ мэт эвгүй, гулганасан, овжин хүмүүсээр дүүрчээ.
Ойролцоо сэдвээр бичсэн өмнөх товшлол.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо