Товшлол #71: Чарли Мангерын үгс
Mr. Buffett said that when they did differ, Mr. Munger would say, “Warren, think it over and you’ll agree with me because you’re smart and I’m right.”
САНАА
Berkshire Hathaway-ийн дэд ерөнхийлөгч буюу Уоррен Баффетын хамтрагч, шадар хүн Чарли Мангер өчигдөр 99 насандаа өөд болжээ. Энэ эрхэм онч цэцтэй үгсээрээ ялангуяа санхүүгийнхан, энтрепренерүүд дунд ихэд алдаршсан байдаг. Бэнжамин Франклиныг биширдэг асан түүний хэлсэн үгсээс өнөөдөр цөөнийг нь хуваалцъя.
“Гойд ухаалаг байх гэж хичээхийн оронд цаг үргэлж тэнэг биш байх гэж хичээснээрээ бидэн шиг хүмүүс урт хугацаанд ямар их давуутай болсон нь гайхмаар хэрэг шүү.”
—Урвуугаар бодох аргачлалын тод жишээ.
“Энгийн санагдах нэг л санааг бариад ав. Тэгээд маш нухацтай ханд.”
Ингээд орчуулаад тавихаар хүчийг нь алдуулаад байх шиг. Гэхдээ англиараа ч энгийн л өгүүлбэр: Take one simple idea and take it seriously. Сонголтын илүүдэлтэй өнөөгийн бидэнд чухал санаа шүү. Өмнө нь энэ талаар Товшлолдоо бичиж байсан санагдах ч хайгаад олсонгүй.
“Өөрийн хүсэж буй зүйлийг олж авах хамгийн аюулгүй арга бол түүнийг хүртэх эрхтэй болох.”
“Цаг үргэлж уншдаггүй өргөн мэдлэгтэй хүнтэй би амьдралдаа нэг ч таарч байгаагүй.”
—Тэрбээр Уоррен Баффетын адилаар маш их уншдаг байжээ.
“Өөрийгөө хуурахгүй байх бол хүнд байж болох хамгийн сайн чанаруудын нэг — том хүч. Яагаад гэвэл ийм хүн маш ховор!”
“Хүний хийж чадах хамгийн сайхан зүйл бол өөр нэгэнд илүү ихийг мэдэхэд нь туслах явдал.”
“Нэг үзэл санааг нөгөөгөөс дээгүүр тавих гээд байгаа үедээ би өөрийгөө эрүүл саруул байлгах нэг дүрэм баримталдаг юм: Эсрэг талынхаа аргументуудыг өөрсдөөс нь илүү тодорхойлж хэлж чадахгүй байгаа бол би өөрийгөө тодорхой үзэл бодол дэвшүүлэх эрхгүй гэж боддог.”
—Энэтэй холбоотой сэдвийг энд товшиж байжээ.
“Ямар нэг юмыг энгийн болгосноор буруудсан жишээ миний амьдралд гарч байгаагүй.”
Түүний нас барсан талаарх өгүүлэл The New York Times дээр. Billions шоуг зохиогчдын нэг Андрю Росс Соркин бичжээ.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо