САНАА
Би fresh start хийх их дуртай. Тухайн өдөр, тухайн долооног яаж ч бүтэлгүйтлээ гэсэн үдээс хойш, эсвэл 30 минут амарч босоод өдрөө дахиад эхлүүлчихье, эсвэл шүршүүрт орж сэргээд хүлээгдэж байгаа зүйлсээ манас хийтэл хийгээд орхиё гэж бодно. Өөрийн сайн ашигладаг техникүүдийн нэг гэж боддог энэ fresh start effect-ийн тухай өмнө нь энд бичиж байлаа.
Гэвч энэ техникийг сайн ашигладаг байлаа гээд зарим зүйл болж өгөхгүй хэвээр, ажилдаа даацтай ахиц гаргаж чадахгүй, өөрийн сэтгэлд хүрсэн юм хийхгүй яваад л байвал юу гэсэн үг вэ?
Цөөн хоногийн өмнө би нэг хичээлийн даалгавар хийх гээд бүр зүдчихдэг юм. Барьж авахгүй хэдэн ч өдөр зугтав. Анхалж барьж авсан сэдэв маань таалагдахаа болиод, нэг ингэж нарийсгая, үгүй хуучнаар нь гүрийлгэе гэсээр өөрийгөө баахан зовоосон. Тэр зуур хэрэгтэй хэрэггүй юм уншиж яваад аз болоход Оливер Буркеманы нийтлэлийг уншиж таарав. “Шинэ эхлэл гэсэн ойлголт үнэндээ байдаггүй” хэмээх тэрхүү нийтлэлийн санааг доор базъя. Тэрбээр:
Бид fresh start хийхдээ цөөн зүйлийг өөрчлөөд өнгөрөх бус өнгөрснөөсөө бүрэн ангижрах цаад зорилгыг агуулдаг. Бид зохион байгуулалтгүй байдал, хойш тавигч зангаа бүрмөсөн орхиод одооноос бүх юмыг өөрөөр хийж эхэлнэ, амьдралаа эргүүлнэ! Гэвчиг энэ бол даацтай өөрчлөлт хийж чадах сэтгэлгээ биш юм. Уг нь үүний оронд бага багаар ахих жижиг зорилтууд тавих, мөн урагшлах замдаа дараалсан бүтэлгүйтлүүдтэй тулгарах хүсэл зоригтой байх хэрэгтэй. Товчхондоо, шинээр эхлэх нь (fresh-startism) төгсөд тэмүүлэхүйн (perfectionism) нэг хэлбэр юм. Үүний шийдэл нь perfectionism-ийн бусад хэлбэрүүдийн адилаар юмс бидний найдсан шиг алдаа дутагдалгүй өрнөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал болно.
Би (Оливер Буркеман) шинээр эхлэх нь даацтай өөрчлөлт хийх арга биш гэдгийг ойлгож байсан ч бүр цаад агуулгыг нь саяхан л ухамсарлав. Тэр бол: Шинэ эхлэл гэдэг бодож төлөвлөсөн шиг үр дүн өгдөггүйдээ биш, ерөөсөө шинэ эхлэл гэдэг зүйл байдаггүй. Бид ямар нэг байдлаар бүтэлгүйтэх л байх гэдгийг бус бид угаасаа аль хэдийн бүрмөсөн, авралгүйгээр бүтэлгүйтчихсэн гэдгийг төгсөд тэмүүлэгчид ойлгох хэрэгтэй.
Яаая, бас л гүнзгий, гутартал авч байгаа биз. Гэвч байзаарай. Оливер үргэлжлүүлээд ийн тайлбарлаж:
Та хэдийн бүтэлгүйтсэн!
Өөрийгөө өөрчлөх гэсэн хүчилсэн оролдлого болгоны цаана амьдралаа хяналтад байлгах гэсэн хүсэл байнга явж байдаг. Бид өөрсдийн амьдралыг удирдах, хяналтдаа байлгах, гадаад хүчин зүйлүүдэд бэлэн байх тийм цэгт хүрэхийг хүсдэг. Гэвч ийн амьдралаа хяналтад авах гэсэн санаа бол хий хоосон зүйл. Энэ бол өөрийн амьдралаас алсарч, гадна нь гарах чадвартай болох гэсэн санаа. Гэвч та бол таны амьдрал, таны амьдрал бол та учраас хэзээ ч ингэж чадахгүй.
Тэгэхээр төгсөд тэмүүлэгчийн насны эцэст баахан амжилт бүтээлээ “тэврээд” авсандаа орж хэвтэх фантази бүтэх магадлал туйлын багатайн дээр анхнаасаа л бүтэлгүйтэх тавилантай байсан гэсэн үг. Учир нь түүний амьдарсан жилүүд нэгэнт улиран одсон. Түүний үрсэн бүх цаг хугацаа, урмыг нь хугалсан хүмүүс, шүүрч чадаагүй боломжууд бүгд өнгөрсөнд үлдсэн, эргэн ирэхгүй.
These words hit me hard! Яг хэрэгтэй үедээ уншсан үгс гэдэг хүчтэй байдаг аж. Би мөнөөх даалгавар хийгээд энэ үгсээс тун архаг, хүнд шатны perfectionist юм байна гэдгээ ойлгож авч байна. Байн байн fresh start хийх дуртай нь төгсөд тэмүүлэгч хандлагын маань л илрэл байж, хөөрхий. Юутай ч энэ үгс сүүлийн хэд хоног надад тайвшралыг өгсөн. Намайг их л хойш татсан байхдаа гэж халаглахын сацуу за бушуухан хатуу дөнгөнөөс нь гарч үзэх минь гэж бодон жаахан уужирч сууна. (Мэдээж , тийм амархан биш байх.)
Одоо тэгээд Оливер Буркемантайгаа хэсэг найзалъя даа. Өөрийгөө хөгжүүлэхүйн сэдвээр боддог бичдэг хүмүүс дундаа оригинал санаа олонтой хүн шүү. Ньюслеттерийнх нь нэр ч “The Imperfectionist” гэж байгаам. Өндөр үнэлгээтэй “Four Thousand Weeks” ном нь уг нь манайд орчуулагдсан. Гэвч орчуулгыг нь сөхөхнээ, тааруухан санагдсан (эхний хуудсан дээрх хоёр эшлэлийг харьцуулж хараад төрсөн бодол, цаашаагаа орчуулга сайжирсан эсэхийг мэдэхгүй). Сайн номыг сайн л орчуулах хэрэгтэй.
ГОЁ
The Royal Heartache гээд гоё хамтлаг гарч ирж буй бололтой. Инээмсэглэл хамтлагийн “Уулын оройг ус ундаална” дууг тасархай коверложээ. Дуучны хоолой гайхалтай. Продюсер Т.Мөнх-Оргил нь супер мэргэжлийн санагддаг.
***
Төгсгөлд нь, фэйсбүүк дээрх нэг пэйжээ Товшлолын пэйж болгосноо дуулгая.
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо