Товшлол #76: Олуулаа бичье
САНАА
Ингэж хүсэх юм:
Илүү олон хүн бичээсэй.
Америкийн нэрт эсээч, зохиолч И.Б.Вайт “Юуны ч тухай бай, ямар ч барилтай бай, бичих зоригтой хэнбугайг ч би биширнэ” гэсэн нь бий.
Хэн хэллээ дээ байз, сайн уншигч болох эхний алхам бол өөрт таалагдах юмаа л барьж авч унших, тэгвэл яваандаа жанр харгалзахгүй их уншдаг болно гэсэн нь бичих тухайд ч ижил гэж бодном. Эхлээд юу бичихийг хүсэж байна, түүнийгээ бич. Яваандаа ямар ч сэдвээр бичиж чадахуйц дадал, чадвар суусан байх вий.
Бичих боломжтой, чадвартай хүмүүс гэхдээ нэг их бичихгүй байх нь олон. Эсвэл Фэйсбүүкдээ алдаг оног бичнэ. Фэйсбүүк зэрэг соошил медиа дээр бичих нь манай нөхцөлд хүнд хүргэх талаасаа хялбар боловч бичвэрүүдээ цэгцтэй хадгалах тал дээр учир дутагдалтай. Аливаа бичвэр агуулга гэдэг хайж олоод уншихад хялбар баймааж л үр өгөөжөө өгч чадна. Фэйсбүүк дээрх зүйлс Google хайлт дээр барагтай гарч ирэхгүй, профайл хуудас руу нь ороод харахад ч бусад бүх посттойгоо холилдчихсон байх тул олоход бэрх. Аливаа контент хайлтад гарч ирнэ, олоход хялбар байна гэдэг тун чухал.
Тийм ч учраас бичдэг, бичих сонирхолтой хүмүүсийг өөрийн гэсэн блог, вэб зэрэг тусдаа орон зайтай байгаасай гэж хүсдэг юм. Энэ тухайд Остин Клеон Ажил бүтээлээ дэлгэ номдоо “Сайн (домайн) нэрийг бүтээ” хэмээн бичсэн нь:
Хэрвээ чи үнэхээр ажил бүтээлээ дэлгэн, өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй бол онлайнд өөрийн гэсэн орон зай эзэмшихийг, өөрөө удирдаж болох, өөр хэн ч чамаас авч чадахгүй газартай, хүмүүс чамайг хэзээд хайж олж чадах “төв оффис”-той болохоос илүү сайхан зүйл үгүй.
Арав гаруй жилийн өмнө би интернэтэд өөрийн жижиг зайг дархалж, www.austinkleon.com домайныг худалдан авч байлаа. Сайтаа эхлүүлэх үед би олигтой ур чадваргүй, цэвэр сонирхогч нэгэн байв. Сайт маань агуулга тааруу, царай муутай эд байлаа. Яваандаа түүн дээр блог суурилуулах арга олсон нь бүхнийг өөрчилсөн юм. Блог гэдэг урсгалыг хөрөнгө (flow → stock) болгон хувиргахад төгс тохирох машин байв: Нэг блог бичвэр дангаараа юу ч биш боловч арван жилийн турш мянган бичвэр нийтэлж гэмээнэ нэг насны ажил болон хувирдаг. Блог минь миний ноорог дэвтэр, миний студи, миний дэлгүүр, миний салон байлаа. Чухамдаа миний карьерт тохиолдсон бүх сайн сайхан зүйлс блогоос маань улбаатай. Миний номууд, үзэсгэлэнгүүд, яриа илтгэлүүд, хамгийн сайхан нөхөрлөлүүд, энэ бүхэн миний бие интернэтэд өөрийн гэсэн орон зайтай учраас бий болсон юм…
Вэбсайтаа өөрийгөө сурталчлах бус өөрийгөө бүтээх машин гэж бодвол зүйтэй. Онлайнд чи үнэхээр өөрийн бүтээхийг хүсэж буй хувь хүнийг бүтээх боломжтой. Үүний тулд сайтаа өөрийн ажил бүтээл, санаа сэдэл хийгээд шимтэн сонирхдог зүйлсээрээ дүүргээрэй.
Он жилүүд өнгөрөх тусам чи шинэ, гоёмсог соошил нэтвөркөд татагдаж сайтаа орхих сонирхол төрнө. Гэвч битгий. Сайтаа үл тоож болохгүй. Алс хэтдээ өгөх үр өгөөжийг бодож, засаж додомдон, өөртэйгөө хамт өөрчилсөөр байгаарай.
Миний бичдэг энэ Substack бол блог бичингээ имэйл буюу ньюслеттер илгээчихдэг платформ. Ньюслеттер хүчтэй суваг хэвээр байсаар байгаа тул гаднын бичээч, блоггерууд Substack (болон бусад төсөөтэй платформ) руу их нүүж байна. Коммюнитигээ үүсгэх, подкаст хийх гэх мэт нэмэлт олон боломжийг бичээчдэд олгох болжээ. Мөн Substack-ийн бичээчид нэг нэгийгээ Recommend хийн дэмжихэд хялбар болгосныг нь харахаар хамт grow хийх ньюслеттерүүд олон төрөөсэй гэж хүсэх юм.
Төгсгөөд “Яагаад бичих хэрэгтэй вэ?” хэмээсэн урьдын товшлолоо хуваалцъя:
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо