Бид бизнесийн агуу, гоёмсог түүхүүдэд дуртай. Орчин цагт бол Элон Маск, Марк Зукерберг, Жефф Безосоос өгсүүлээд түүхийг нь сонсож, урам зориг авах энтрепренерүүд мундахгүй.
Гэвч бодит байдал дээр тэд биднээс асар хол байдаг. Тэд бол асар олон хүмүүсээс шигшигдсэн, тунаж үлдсэн цөөхөн жишээ. Ямар нэг талаараа гоц гэмээр хүмүүс. Байршлын хувьд ч дэлхийн нөгөө захад.
Биднээс хол тэдгээр хүмүүсээс авч болох зүйл юу вэ гэвэл харин тэдний яаж бодож байгааг, юмыг яаж харж байгааг ойлгож, өөриймшүүлэх гэж хичээх явдал юм.
Өнөөдрийн товшлолдоо энтрепренер хүн гэж хэн юм бэ, энтрепренер сэтгэлгээг хэрхэн амьдралдаа ашиглаж болох вэ гэдэг дээр хэдэн санаа хуваалцъя.
Энтрепренер, автор Тайлор Пийрсон ийн бичсэн байсан:
Энтрепренершип гэдэг бол системүүдийг холбох, бүтээх, үүсгэх тухай ойлголт. Систем гэдэг нь бизнесүүд, хүмүүс, идейнүүд, процессууд зэргийн аль нь ч байж болно. Харин ажил гэдэг бол хэн нэгний буй болгосон ажиллах системийг дагаж буй үйл юм.
Өөрөөр хэлбэл, энтрепренер хүний нэг онцлог бол бусдын хийсэн зүйлсийг шууд дагадаггүй; өөрөө бүтээх гэж, байгаа зүйлсийг холбох гэж оролддог хүн гэсэн санаа гарч байгаа юм.
Яг энэ санааг “Та өөрөө стартап” номын эхэнд өгүүлсэн байдгийг базаад хэлбэл:
Бүтээнэ гэдэг энтрепренершипийн мөн чанар. Хүмүүс хэзээнээсээ бүтээгчид байж ирсэн. Өөрөөр хэлбэл хүн бүрд төрөлх энтрепренер чанар байдаг. Бидний өвөг дээдэс агуйд амьдардаг байхдаа өөрсдийгөө тэжээж амьдрах дүрмээ зохиох ёстой болсон ч хойших зуунуудад нь бид энтрепренерүүд гэдгээ мартаж, ажилчид мэт амьдрах болжээ.
Бүтээх эрмэлзэл буюу энтрепренер сэтгэлгээ хүн бүрийн угт байдаг, гэвч нийгмийн тогтолцоо, гадаад орчин биднийг дагагч болгон хувиргадаг ажээ.
Энтрепренер сэтгэлгээний өөр нэг гол тулгуур бол эрсдэл үүрэх эрмэлзэл юм. Амьдрал дээр хүсүүштэй бүх зүйл их өрсөлдөөнийг дагуулдаг. Ихээхэн эрсдэл үүрч байж энтрепренерүүд тоглоомд өөрийгөө оруулдаг, үргэлжлүүлэн тоглодог. “Хэрвээ чи энтрепренер юм бол мөрийтэй тоглогч л гэсэн үг” хэмээн Грег Айсенбергийн хэлсэн нь бодитой.
Эрсдэлийн талаар боддоггүй бол, их бага ямар нэг хэмжээгээр эрсдэл үүрэхгүй яваад л байдаг бол өөрийгөө урсгал дагуу л хөвж байгаа юм байна гэж дүгнэхэд хол зөрөхгүй байх.
Энтрепренер сэтгэлгээний өөр нэг түлхүүр бол давуу талаа хөгжүүлэх тухай ойлголт. Чи яаж хамгийн хямд нь, эсвэл хамгийн чанартай нь, эсвэл хамгийн хурдан нь байх юм бэ? Чи нийгэмд, зах зээлд яаж үнэ цэн нийлүүлэх юм бэ? Энэ асуудлын шийдлийг бид хувь карьертаа яаж буулгаж болохыг Жэймс Клийр яг голоор нь хэлчихсэн мэт санагдсан:
Энтрепренершип гэдэг бизнесээр халхавчлагдсан өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл юм.
Үнэхээр ч энтрепренер байна гэдэг хувь хүнээс олон зүйл дээр байнга өсөж хөгжихийг шаарддаг. Ерөөс өөрийгөө хөгжүүлэх урлаг, ухаан гэлтэй. Бид бизнес эхлүүлэхгүй байлаа ч өөрсдийгөө хөдөлмөрийн зах зээлд зардаг хүмүүс. Тэгэхээр чи тасралтгүй өөрийн давуу талыг хайж, хөгжүүлж байгаа бол энтрепренер сэтгэлгээгээ хөгжүүлж байна гэсэн үг. Рийд Хоффман, Бэн Каснока нарын “чи өөрийгөө стартап компани гэж сэтгэ” гээд байдгийн учир энэ.
Энтрепренер сэтгэлгээний өөр нэг бүрдэл бол үсрэлт хийх боломжийг эрэлхийлдэг чанар. Энэ нь боломж бүр хоорондоо адилгүй, зарим нь үнэхээр онцгой боломж, зарим нь энгийн л боломж байдгийг хүлээн зөвшөөрч, онцгойг нь байнга идэвхтэй эрэлхийлэхийн нэр юм. Үсрэлт хийх боломж гэдэг нь өмнөх товшлолд бичсэн хөшүүрэг юм байна хэмээн ойлгоход буруудахгүй. Энэ тухай WaitButWhy-ийн хамтран байгуулагч Эндрю Финн тун гоёор ийн хэлж:
Энтрепренерийг юу тодорхойлдог вэ? Энтрепренерийн гол ажил бол бизнесийн аливаа нөхцөл дэх хамгийн өндөр хөшүүрэг бүхий цэгийг тасралтгүй хайх, тэр цэг дэх асуудлыг шийдэх юм. Хамгийн өндөр хөшүүрэг бүхий тэр цэг нөхцөл байдлаас хамааран байнга өөрчлөгдөн шилжиж байдаг. Тэр асуудлуудыг ээлж дараагаар нь олж шийдвэрлэдэг хүн асар их үнэ цэнийг бүтээж байдаг.
Төгсгөлд нь товч дурдах нэг санаа бол бизнесийн түвшин дэх “монгол хүн ба энтрепренер сэтгэлгээ”. Уоррен Баффет “Намайг Перуд юм уу Бангладешд орхиод үзэхгүй юу. Би энэ авьяас чадвараараа тэнд сүйдтэй юм хийж бүтээж чадахгүй" гэсэн санаа хэлсэн байдаг. Үндсэндээ хүний хаана ажиллаж амьдрах нь тухайн хүний цэцэглэх эсэхийг шийдэх хөрс болж байдгийг сануулж. Монголд өнөөдөр дэлхийд нэрээ цуурайтуулсан энтрепренер төрөх боломжтой юу? Үнэндээ маш хомс биз. Харин нэг санууштай, эерэг гэж болох зүйл байгаа нь нүүдэлчин соёлын бидэнд үлдээсэн дасан зохицомтгой, өөрийгөө тэтгэж явдаг сэтгэлгээ юм. Энэ бол энтрепренер сэтгэлгээний чухал орц гарцаагүй мөн. Энэ суурь сэтгэлгээ, онцлогоо монголчууд технологи, мэдлэг, ёс суртахуун зэрэгт уяж чадвал амжилт гаргах магадлалтай. Харин эдгээрт холбож уяж чадахгүй бол зүгээр л алив юмыг өөрт ашигтайгаар эргүүлчихдэг ашигч, сэргэлэн л хүмүүс болж хувирна.
Таны уншсан пүрэв гараг бүрийн энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Харин даваа гараг бүр англи хэлээ үсрэнгүй сайжруулахад туслах цуврал нийтлэл хүлээн авъя гэвэл та доорх линк дээр дараарай. Энэхүү цувралын талаарх дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Ёсолсон,
Ганзо
Баярлалаа. Үнэхээр гоё бичих юмаа😊