Товшлол #92: Эрхэм эсээчийн гурван эшлэл
Америкийн эсээч, хүүхдийн зохиолч И.Би.Вайтыг би биширдэг. Тэрээр насаараа The New Yorker сэтгүүлд бичсэн бөгөөд “Бяцхан Стюарт”, “Чарлотть хэмээх аалзны тор” зэрэг хүүхдийн зохиолуудаараа алдаршсан хүн. Мөн, их сургуулийн англи хэлний багшийнхаа сургуулийн хүрээнд ашигладаг байсан дүрмийн бэсрэг номыг нэмж шинэчилсэн нь “Strunk and White” гэх нэрээр өргөнөөр түгж, олон арван жил америк бичээчдийн гарын авлага болж иржээ. Тэрээр амьдралыг нарийн гярхай ажиглаж, бодож эргэцүүлж, өөрийн амьдралтай сүлж, гайхалтай хүнлэг өнгөөр, энгийн ойлгомжтой агаад яруу сонсголонтой хэлээр эсээнүүдээ бичсэн байдаг.
Өнөөдөр түүний гурван эшлэлийг хуваалцах гэсэн минь учиртай. Сүүлийн үес сонгууль, улс төртэй холбоотой мэдээлэл хөвөрч, өөрийн эрхгүй л Твиттер баахан эргүүлж, зөндөө л улстөржлөө. Хэдий хол байвч нийгэмдээ бололцооныхоо хэрээр санаа тавих ёстой юм шиг мэдрэмж төрөх юм. Өөлье гэвэл өөрийгөө гаргаж илэрхийлэх гэсэн эголог мэдрэмж, ойлгоё гэвэл үнэхээр л санаа тавьж, том олонлогоо энэрэх мэдрэмж байх. Нөгөөтээгүүр, хаа холоос хэдэн сошиал пост бичээд юунд ч нөлөөлөө аж, цаг нь ч биш гэж бодогдох. Яг энэ байдлыг И.Би.Вайт тун гоёор ийн хэлж байжээ:
“Хэзээ хорвоо ертөнцийн таатай сайханд татагдаж, хэзээ сорилт бэрхшээлд нь хариу өгөх вэ гэдгийг мэдэхэд бэрх. Хорвоо зүгээр л сэтгэл татам байсан бол амар байх сан. Эсвэл гагц сорилт бэрхшээл тулгадаг байсан бол асуудалгүй байх сан. Аль аль нь байдаг болохоор би өглөөдөө дэлхий ертөнцийг засаж сайжруулах сан гэх хүсэл, таашаан мэдрэх хүсэл хоёрынхоо дунд яахаа мэдэхгүй сэрдэг. Ийм байдалтайгаар өдрөө төлөвлөхөд ч хэцүү.”
Тэрээр амьдралынхаа туршид том жижиг тун олон сэдвийг хөндөж бичсэн юм билээ. Түүний гярхай нүд, ончтой илэрхийлэл, гоёмсог хэл ямар ч сэдэвт хөрвөж чаддаг байж. Амазон дээрх нэг номд нь нэгэн уншигч бодлоо ийн хуваалцсан байсан:
“И.Би.Вайтын 1930-аад оноос хойш бичиж буулгасан байр сууриудыг би жагсаан гаргаж байсан. Бүх зүйл дээр зөв дуугарсан маш цөөхөн хүн байдаг. Би түүнийг бичсэн сэдвүүдийнхээ 99 хувьд нь зөв дуугарсан гэж боддог юм. Тэр нацизмын эсрэг анхлан бичиж байв. Тэр дэлхийн засгийн газар байгуулахын чухлыг хөндөж байсан. Тэр МакКартизмын эсрэг Айзенхауэр ч ил дуугарахаас эмээж байсан үед зоригтой бичиж байв. Тэр цөмийн зэвсгийн туршилтын эсрэг байсан. Энэ сэдвээр редакцуудаас анх дуугарсан нь түүнийх байв. Тэр байгаль орчны асуудлуудыг эртнээс хөндөж, хотын орчин дахь утаа угаарт олны анхаарлыг хандуулж байв. Тэр арьс өнгөний үзлийн эсрэг анхлан дуугарч байв.”
Дараах эшлэл бол И.Би.Вайтын “The Paris Review” сэтгүүлд өгсөн ярилцлагын нэг хэсэг. Үзэг цаас, хуруу кийборд нийлүүлэх гэж зорьдог хэнд ч бодож явууштай үг санагддаг:
Бичээч хүн төсөөллийг нь урих, сэтгэлийг нь хөдөлгөх, бичгийн машиныг нь ажиллуулах ямар ч сэдвийг барьж авууштай. Би заавал улс төр бичих хэрэгтэй гэж боддоггүй. Гэхдээ бичсэн зүйлс хэвлэгдэх болохоор би нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Чанаргүйг биш чанартайг бичих нь, худлыг биш үнэнийг өгүүлэх нь, мөлгөр биш амьдлаг байх нь, алдаатай биш оновчтой байх нь бичээчийн үүрэг. Бичээч хүн хүмүүсийн сэтгэлийг хямраадаг биш өргөдөг байх хэрэгтэй. Бичээч хүн амьдралыг зөвхөн эргэцүүлдэг, тайлбарладаг биш амьдралд нөлөөлдөг, хэлбэржүүлдэг байх учиртай.
Энэ тухай би боддог. Яг л энд хэлчихсэн шиг амьдралыг зөвхөн эргэцүүлдэг, тайлбарладаг биш түүнд нөлөөлдөг, хэлбэржүүлдэг бичээч болох сон гэж мөрөөдөж явна.
Түүнчлэн сонгууль дөхөж байгаагийнх, ардчиллын тухай бичсэн хэдэн өгүүлбэрийг нь хуваалцвал сонирхолтой байх гэж бодлоо. Хоёрдугаар дайны үед АНУ-д Writers’ War Board гэж байж. Энэ нь дайны үйл хэрэгт бичээч, зохиолчдыг бичиж нийтлэх замаар оролцуулах, хувь нэмрийг нь татах зорилготой байгууллага байж л дээ. 1943 онд тус байгууллага Вайтаас ардчиллын утга учрын тухай тодорхойлолт бичиж өгөөч гэж хүсэхэд тэрээр дараах өгүүлбэрүүдийг илгээж байжээ:
“Зөвлөл” ардчилал гэж юу болохыг мэдэж байгаа нь лавтай. Энэ бол хүмүүс баруун гараа барьж оочирлохын нэр юм. “Битгий түлх“ гэдгийн “битгий” юм. Энэ бол ихэрхүү зантнуудын хулхи буухын нэр. Төгс бусын, даруу байхуйн сануулга. Ардчилал гэдэг бол хүмүүсийн тэн хагасаас илүү нь, цаг хугацааны тэн хагасаас илүүд зөв шийдвэр гаргаж чаддаг гэсэн эргэн хургах итгэл үнэмшил юм. Ардчилал бол сонгуулиа өгөх танхимд цагдсан хяналт байхгүйг анзаарах, номын санд олны нэг байгаагаа олж харах, хаа ч явсан амьдлаг эрчим буйг мэдрэх тийм мэдрэмж юм. Ардчилал бол редакторт бичих захидал юм. Ардчилал бол тоглолтын сүүлийн үе эхлэх мөчийн оноо юм. Энэ бол няцааж чадаагүй санаа, сэтгэлд хоногшсон дуу юм. Энэ бол хоотдоогны гич юм, хуваарилагдсан кофен дээрх цөцгий юм. Ардчилал гэдэг бол дайны ид үед, өглөөгүүр “Дайны зөвлөл”-өөс ардчиллын утга учрыг ойлгохоор ирүүлсэн хүсэлт юм.
(Зарим зүйрлэлийг монгол соёлд нийцүүлэн бага сага өөрчлөн орчуулав.)
Таны уншсан пүрэв гараг бүрийн энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Харин даваа гараг бүр англи хэлээ үсрэнгүй сайжруулахад туслах цуврал нийтлэл хүлээн авъя гэвэл та доорх линк дээр дараарай. Энэхүү цувралын талаарх дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Ёсолсон,
Ганзо