InterIntellect-ийн Анна Гаат дээхнэ ийн жиргэсэн байсан:
“Өнөө цагт ухаалаг бөгөөд мэдээлэлтэй хүмүүс өөрийнх нь санал нийлдэггүй ямар нэг зүйлийг бусад хүн хэлчихсэн юм уу хийчихсэн байх юм бол, өөр хэчнээн зөв зүйтэй санаа дэвшүүлсэн байлаа ч түүнийг нь огт сонсдоггүй болчихсон. Үүнд нь би ёстой гайхаж хоцордог юм. Манай оюунлагууд ийм “ad hominem” ташаарлаас ангид байгаасай гэж би хүсдэг.”
(Ad hominem fallacy — аргументыг нь биш хүнийг нь дайрах хандлага)
Бусад хүн санаанд нь нийцдэггүй нэг л зүйлийг хэлчихсэн, хийчихсэн бол “үзэхээ” больчихдог энэ хандлага хаа сайгүй, хэний янаагүй байна. Ер нь тэгээд шуудхан цовцлоод шонд өлгөчих гэдэг болсон. Гэвч энэ нь нэгд угийн туйлширсан хандлага. Хоёрт манайд бүр ч зохихгүй. Учир нь манайх шиг хүн цөөтэй газар олон хүн ийм маягаар асуудалд хандаад дадчихвал хэний ч санаанд нийцэх нэг ч амьтан үлдэхгүй юм. Бидний цөөхөн монголчууд тэгэхээр нэг нэгэндээ жаахан гамтай, хайртай баймаар санагддаг. Мэдээж энэ нь бурууд зөөлөн байя гэсэн үг биш, тухайн асуудалдаа л үндэслэл логиктой төвлөрдөг байя, санал зөрөлдөөнийг өөрөөр хардаг байя гэдэг санаа.
Өнөөдрийн хуваалцах санаанууд маань цагаа оллоо ч гэж бодож байна. Дээр дурдсан хандлага сонгууль дөхсөн энэ үед бүр ч гаарах нь, оргилдоо хүрэх нь тодорхой. Үүнийг бичээч би ч хэрэндээ л улс төржиж сууна. Цаг үе нь таарч байгаа болохоор бусад нь ч адил байгаа биз, үгүйдээн ойлгож байгаа биз ээ.
Элдэв өрөөсгөл, ташаа үзэл хандлагаас ангид, цэвэр тунгалаг бодож сэтгэнэ гэдэг бидний эрмэлзвэл зохих зүйл. Цэвэр тунгалаг бодож чадвал тэр асар том хүч. Гэвч хүний сэтгэл хөдлөл рационал бодлоосоо түрүүлдэг болохоор тун амаргүй даалгавар. Өнөөдөр бусад хүн өөртэй чинь санал нийлээгүй нөхцөлд яах вэ, яаж цэвэр тунгалаг сэтгэх вэ гэдэгт хариулт болох хоёр товчхон бичвэр хуваалцаж байна. Энэ бол нэрт философич, математикч Бертран Расселын үгс билээ.
Бертран Расселын арван сургаал
Нэг. Юунд ч туйлын итгэлтэй байх хэрэггүй.
Хоёр. Баримтыг нуучихаад үргэлжлүүлж болно гэж бодох хэрэггүй. Баримт ил болох цаг ирнэ.
Гурав. Бодлыг хорих гэж бүү завд. Хүссэнээр чинь болох боловч огт тусгүй.
Дөрөв. Эсэргүүцэлтэй тулгарвал, тэр нь эхнэр/нөхөр, хүүхдүүдийнх чинь байлаа ч, түүнийг захиргаадаж биш аргументаар гэтэл. Учир нь захиргаадалтаас хамаарсан ялалт хуурмаг байдаг.
Тав. Эрх дархтай хүмүүсийн хэлснийг сохроор дагах шаардлагагүй. Өөр үзэлтэй эрхтэн дархтанууд ч байж л байгаа.
Зургаа. Хөнөөлтэй гэж бодсон үзэл бодлыг хүчээр бүү нухчин дар. Эргээд өөрийн чинь толгой дээр буух болно.
Долоо. Үзэл бодол маань хачин жигтэй байх вий гэж бүү ай. Өдгөө хүлээн зөвшөөрөгдсөн бүх л үзэл бодол нэгэн цагт хачин жигтэй байсан.
Найм. Идэвхгүй хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй ухаалгаар сөрөхийг таашаадаг бай. Чи оюуны чадамжийг зүй ёсоор үнэлдэг бол ухаалгаар сөрөх нь идэвхгүй зөвшөөрөхөөс илүү гүнзгий ойлгоцод хөтлөх болно.
Ес. Хэчнээн хэцүү байсан ч үргэлж үнэнийг хүлээн зөвшөөр. Үнэнийг дарах гэж оролдох нь бүр ч хэцүү байх болно.
Арав. Тэнэгүүдийн диваажинд буй нэгний сайн сайханд бүү атаарх. Тэнэг хүн тэрийгээ аз жаргал гэж төсөөлдөг.
****
Хэрвээ сөрсөн үзэл бодол чиний уурыг хүргэж байвал энэ нь чи хариу барих бодитой үндэслэлгүйгээ далдхан ухамсарлаж буйн дохио. Хэрвээ хэн нэгэн хоёр хоёрын тав гэвэл, эсхүл Исланд улс Экватор дээр оршдог гэвэл чи, математик хийгээд газар зүйн өчүүхэн мэдлэггүй л биш бол, тэр хүнд уурлах бус өрөвдөнө. Хамгийн ширүүн аргументууд гэдэг аль ч талд нь илэрхий зөв баримт байхгүй үед л үүсдэг. Баримтыг няцаах нь математикт бус шашинд л голдуу тохиодог. Учир нь матеметик мэдлэгт суурилдаг, шашин үзэлд суурилдаг. Тиймээс үзэл бодол зөрөлдсөн үед өөрийнхөө уурлаж буйг олж анзаарвал болгоомжтой байгтун. Итгэл үнэмшлээ батлах хангалттай баримт чамд байхгүй байж мэдэх юм.
Таны уншсан пүрэв гараг бүрийн энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Харин даваа гараг бүр англи хэлээ үсрэнгүй сайжруулахад туслах цуврал нийтлэл хүлээн авъя гэвэл та доорх линк дээр дараарай. Энэхүү цувралын талаарх дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Ёсолсон,
Ганзо