Нэрт сэтгэл зүйч Карл Юнгийн энэ бичвэр ихэд таалагдсан тул орчуулан хүргэж байна:
Амьдрал өөрт нь ямар сорилт, даалгавар өгч буйг хүлээн авахгүй байснаараа хүмүүс өөрсдийгөө ямар их эрсдэлд оруулж байгаагаа сайн ухаардаггүй. Хүний уг чанарт байдаг, өвдөлт зовлонг тойрох гэсэн алхмыг хийснээрээ тэд Амьдралын нэхэлт шаардлагыг биелүүлэхээс татгалзаж буй бөгөөд энэ нь тэднийг төөрүүлж орхидог.
Хүн өөрийн хувь заяаг хүлээн авахгүй бол өөр зовлон орыг нь залгана: Сэтгэцийн өвчлөл (neurosis) буй болно. Угтаа бидний даван туулах ёстой тэр амьдрал сэтгэцийн өвчлөл шиг хэцүү биш юм. Хэрвээ би зовох ёстой бол бодит байдлаас болж л зовог. Түүний дэргэд сэтгэцийн өвчлөл хавь илүү зовлон. Ерөнхийдөө, сэтгэцийн өвчлөл гэдэг Амьдралыг хуурах гэсэн, ямар нэгээс зугтаах гэсэн далд хүслээс үүдэн буй болдог. Амьдралыг туулаад л гарах ёстой.
Бид бүгд эсрэг тэсрэг үзэл хандлагуудаас бүрэлддэг. Ихэд бодож эргэцүүлсний эцэст, бид өөрсдийн үнэнхүү хэн болохыг хүлээн зөвшөөрч, уялдан гарах саад бэрхшээлүүдийг хүлээн авах нь зүйтэй юм байна гэж би дүгнэсэн. Зугтах нь илүү хор хөнөөлтэй.
Би өнөөг хүртэл өөртөө үнэн байсан, өөрийн ухамсар мэдлэгт тааруулан чадах бүхнээ хийж ирсэн гэж би өнөөдөр хэлж чадах байна. Сонголтууд маань зөв, буруу байсан эсэхийг би хэлж мэдэхгүй. Аль ч тохиолдолд зовлон бэрхшээл ирэх нь тодорхой тул өөрийн гэх зүйлсийнхээ төлөө зовохыг би илүүд үзнэ.
Хэрвээ би өөрийн Амьдралын зорилго, сорилт бэрхшээлд бүрэн дүүрэн хариулт өгөхгүй бол шийдвэрлэгдээгүй тэр асуудлууд хүүхдүүдэд маань уламжлагдаж, тэд өөрсдийн сорилт бэрхшээлээс гадна миний “амьдраагүй” Амьдралын ачааг бас үүрэх ёстой болно гэдгийг ухаарсан маань бодит байдалтай тулж амьдаръя гэж шийдэхэд голлон нөлөөлсөн. Зүгээр л сэгсрээд хаячихаж болдоггүй тул аав ээжийн маань тэр хүнд ачаа надад уламжлагдан ирснийг би мэддэг. Эгээ л эмгэн хумс адил нуруун дээрээ байшингаа үүрч явахыг бид хүснэ гэж үү?
“Ухаалаг” байлаа ч, аливаад учиртай ханддаг байлаа ч, энэ бүхэн Амьдралыг даван туулахад хангалттай биш. Чи өөрийгөө зарим бэрхшээлээс чөлөөлж болох ч тэр явцдаа өөрийн Амьдралаас өөрийгөө тасалж орхино. Өөрийн амьдралаар амьдраагүй хүмүүсийн хувь заяаг би харж байсан. Үнэхээр хүсэх зүйл биш.
Хувь заяандаа эзэн болж, өөрийн мэдлэг чадварыг тултал гарган амьдарсан хүмүүст харамсах шалтгаан байдаггүй. Вольтер “Эцэст нь бид хийгээгүй зүйлсдээ л харамсдаг” хэмээн үнэнийг өгүүлсэн.
Өөрт оногдсон өр нэхлийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүн бидэнд туйлын чухал.
Өтөл насанд бид, хараагүй хийгээгүй орхисон гайхалтай зүйлсийнхоо хойноос бус дэргэдүүрээ ажиггүй өнгөрөөчихсөн Амьдралын хором мөчүүдийн хойноос л харамсдаг билээ.
Сурвалж: Reflections on the Life and Dreams of C. G. Jung, carljungdepthpsychologysite.blog
Таны уншсан пүрэв гараг бүрийн энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Харин даваа гараг бүр англи хэлээ үсрэнгүй сайжруулахад туслах цуврал нийтлэл хүлээн авъя гэвэл та доорх линк дээр дараарай. Энэхүү цувралын талаарх дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Ёсолсон,
Ганзо
😊