Товшлол #95: Мөнгө хийхэд туслах 19 зүйл
Коди Санчес гэх бүсгүй мөнгө, санхүүгийн салбарт тод дүр болон гарч ирээд байгаа. Тэрээр анх сэтгүүлч байж байгаад бизнес, хөрөнгө оруулалтын салбарт шилжин амжилттай ажиллах болсон бөгөөд бөгөөд сүүлийн үед ярилцлага, зөвлөгөөнүүдийг нь олон хүн дагах болжээ. Саяхан түүний Твиттер дээрх “Санхүү, бизнесийн салбарт 15+ жил ажиллаад ойлгосон, мөнгө хийхтэй холбоотой 19 зүйл“ гэсэн бичвэртэй таараад аятайхан санагдсан тул орчуулан хүргэхээр шийдэв. Мэдээж АНУ, Монголын бизнесийн нөхцөл тэс ондоо, тэнд хэрэгждэг зарим зүйл энд хэрэгжих амаргүй ч ерөнхий суурь зарчмууд адил л байж таарна.
Мөнгө хийхэд туслах 19 зүйл
Хэрвээ чи илүү мөнгө хийхийг хүсэж байгаа бол илүү мөнгөтэй хүмүүст хэрэгцээтэй хүн бай.
Эхний сая доллароо олох хамгийн хурдан арга бол… Галзуу гүйцэтгэх захирлын #2 хүн бол.
Амжилтын нууц бол, бусад хүн чамайг үл тоож чадахааргүй түвшинд хүртэл хөдөлмөрлө.
Эхний 100 мянган долларт хүрэх арга бол: их ажиллах тусам ихийг олох боломжтой ажил олж хий, өндөр гүйцэтгэлтэй хүмүүсийн хийж буй бүх л зүйлийг дуурай. Тэгээд илүү ихийг олох, илүү ихийг сурах боломжгүй түвшинд хүрмэгцээ илүү мөнгө санал болгох ажлыг эрэлхийл.
Үүсгэн байгуулагчидтай нөхөрлө. Харилцан яриа шал өөр түвшнийх болоод ирнэ.
Мөнгөтэй холбоотой хийсэн миний хамгийн том алдаа бол эрсдэл үүрэхийг хэт удаан хүлээсэн явдал байв.
12 жилийн өмнө би зургаан оронтой тоотой цалинтай ажлаасаа гарч бага цалинтай ч хөгжих боломжтой ажилд орсон. Хүн болгон л намайг тэнэг гэж бодсон доо. Түүнээс хойш би долоон ч удаан иймэрхүү үйлдэл хийсэн. Өөртөө бооцоо тавих бүрдээ би илүү мөнгө олж байв.
Хэрвээ чи мөнгө босгохыг хүсэж байвал бусдаас зөвлөгөө ав. Зөвлөгөө авахыг хүсэж байвал бусдаас мөнгө асуу.
Илүү мөнгө хийхээр байвч нэр хүндээ алдахаар бол бүү хий. Нэр хүнд чамд (нийлмэл хүүгийн зарчмаар) мөнгө авчирна.
Анхны хэлцлийнхээ дараа чи баян болохгүй ч өсөж хөгжих болно.
500 мянган доллар хүртэл орлого нэмэгдэх нь амьдралыг хөнгөвчилдөг. Харин тэр цэгт хүрсний дараагаас амьдрал нэг их ялгаагүй болно. Тиймээс эхний 500 мянган долларт хүртлээ нэрэлхэхгүй, санаа зовохгүй зүтгэ.
Орой, амралтын өдрөөр хийдэг ажил чинь мөнгө өгөх хүртэл өдрийн ажлаа хадгалсаар бай.
Хурдан баяжих түлхүүр юу вэ гэж үү? Ядуу мэт амьдар. Орлогоо өсгө. Олсноороо “бэлэн мөнгөөр сааль өгөх” хөрөнгө худалдаж ав.
Бусдад сэтгэгдэл төрүүлэх худалдан авалт хэзээ ч бүү хий. Бийлэгжүү байх нь бийлэгжүү харагдахаас илүү.
Хадгаламж чамайг баян болгохгүй.
Чи байнга ялна гэж байхгүй. Байнга өсөж хөгжинө гэж байхгүй. Цаг үе, сар улирлууд ээлжилнэ гэдгийг сана. Энэ бол ердийн зүйл.
Бусдад тус бол. Харин чамд тусална гэж бүү хүлээ.
Миний уулзаж байсан дийлэнх саятнууд тийм ч ухаалаг биш. Тэд хурдан хөдөлдөг, эрсдэл үүрдэг, маш их ажилладаг. Тэгээд л болоо.
Чиний ирээдүйн үнэ цэн бол өнөөгийн хүнд хэцүү, амаргүй өдрүүд юм.
Таны уншсан пүрэв гараг бүрийн энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Харин даваа гараг бүр англи хэлээ үсрэнгүй сайжруулахад туслах цуврал нийтлэл хүлээн авъя гэвэл та доорх линк дээр дараарай. Энэхүү цувралын талаарх дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Ёсолсон,
Ганзо