Товшлол #86: Хязгаарлалт гэмээнэ эрх чөлөө
Хөл хөдөлгөөнтэй машин замын ойролцоо нэг сургууль байрлана. Томчуулын хараа хяналт хэрэгтэйгээс эхэндээ сургуулийн хүүхдүүд тоглоомын талбайн нэг жижигхэн буланд л тоглодог байв. Тэгтэл хэн нэгэн тоглоомын талбайг тойруулаад хайс босгожээ. Ингэснээр хүүхдүүд тоглоомын талбайн бүх хэсгийг хамран айх аюулгүй тоглох болов. [1]
Энэ бол аливаа хязгаарлалт гэдэг эрх чөлөө олгодгийн нэг жишээ юм.
Остин Клеон бүтээлч хүмүүст зориулсан трилогийнхоо сүүлийнх болох “Keep Going” номд (энэ онд Арвис Паблишингаас орчуулан гаргана) рэппэр Лил Вэйний шоронгийн дэглэмд атаархаж байснаа дурдсан байдаг. Тэрээр ийн бичиж:
Лил Вэйний дэглэм: 11 цагт сэрэх, кофе уух, хэдэн дуудлага хийх, шүршүүрт орох, фэнүүдийн захиа унших, өдрийн хоолондоо орох, хэдэн дуудлага хийх, унших, бичих, оройн хоолоо идэх, суниалт хийх, радио сонсох, унших, орондоо орох. “Хэрвээ би шоронд явчихсан бол их юм бичих байсан гэдэгтээ мөрийцөхөөр байна” гэж би эхнэртээ хошигнодог байлаа…
Өөрөө шийдэж байгаа тохиолдолд бага зэргийн “шоронжилт” чамайг харин ч чөлөөлөх болно. Дэглэм эрх чөлөөг чинь хумихаас илүүтэй чамайг амьдралын өгсөлт уруудалтаас хамгаалан хязгаартай цаг, энерги, авьяасаа зөв ашиглахад тусалснаар эрх чөлөө олгох болно.
Өөрсдийнхөө цагийг, орон зайг өөрчилж болдоггүй юмтай уях нь, элдэв хязгаарлалтад орох нь эргээд ашиг тусаа өгдөг сонирхолтой парадокс шүү. Бодохлээр, аливаа хязгаарлалт нь бидний сонголтыг багасгах буюу хасаж өгдөг. “Сонголтын илүүдлээс хэрхэн зайлсхийх вэ?” хэмээх дээрийн товшлол хүмүүст их таашаагдсан байсан нь сонголтын илүүдэл хүмүүсийн бодож явдаг, тулгамддаг асуудал гэдгийг илтгэх мэт. Пүрэв гараг бүрийн товшлол бол нэг ёсондоо миний өөртөө буй болгосон нэг хязгаарлалт юм. Эндхийн цагаар лхагва гараг миний хувьд тун тодорхой амар байдаг. Товшлолоо бичих ёстой. Үүнийг тойруулж бусад ажлаа төлөвлөнө.
Тэр утгаараа гэрлэлт гэдэг хязгаарлалт. Хүүхэд гэдэг хязгаарлалт. 9-18 цагийн ажил хязгаарлалт. Энэ бүхэн биднийг сонголт хийх бэрх үйлээс чөлөөлдөг. Өөрөө бизнес хийх, фрийлансер болох нь цагаа удирдах давуу тал олгодог ч өөрийгөө “шоронжуулж”, өөртөө хязгаар тавьж чаддаггүй хүнд бол там л болно.
Өөртөө тавьж болох хязгаарлалтын жишээнүүд:
Зайнаас ажиллах боломжтой бол, хотын утаа, түгжрэлээс залхдаг бачимддаг бол орон нутагт амьдрах бас байж болох санаа. Хуульч, паблишер Ч.Бат-Уянга энэ дээр жишээ болохуйц.
Кал Ньюпортын цагаа бүхэвчилж төлөвлөх аргыг ашиглах. Миний хувьд энэ аргыг ашиглах гэж нэлээн хичээсэн. За даа гэхдээ ихэнхдээ сайн ашиглаж чаддаггүй. Сүүлийн үед лхагва гарагийн орой товшлол бичих гэдэг шиг хийх нь тодорхой, зайлбаргүй хэдэн ажлыг долооногийн календарьтаа зоогоод, тийм ажилгүй цагуудаа тухайн үеийн байдлаас нь хамааран ашиглаж байх шиг байна. Сахилга бат харьцангуй сайн хүмүүст бол цагаа бүхэлчилж төлөвлөх энэ арга өгөөжөө гарцаагүй өгнө.
Компьютерын цэнэглэгчээ орхиж явах. Тэгснээр богино хугацаанд хийх ёстой зүйлээ амжуулах нигууртай… гэх мэт, гэх мэт. Хязгаарлалтыг давуу тал болгох маш олон санаа, арга байж болно.
[1] Essentialism by Greg McKeown
Хуваалцах
Дээрийн нэг товшлолдоо би “mental models” буюу бодох загварчлалууд цуглуулан эмхтгэж байгаагаа дурдсан даа. Жишээ болгон хэдийг ч тавьсан. Түүнийгээ гүйцээн “Тунгаан сэтгэхэд туслах 30 санаа” гэх жагсаалт үүсгэснээ уншигчдадаа хуваалцаж байна.
Жагсаалтыг ТАТАХ.
Нэлээн цаг гаргаж, төсөөтэй сурвалжуудаас шигшин эмхтгэсэн. Фэйсбүүк дээр бас ийм пост болгоод оруулсныг цааш түгээж өгвөл талархана аа.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо