Товшлол #89: Навал Равикантын томьёоллууд
Навал Равикант бол Цахиурын хөндийн орчин цагийн домог. Энтрепренер, хөрөнгө оруулагч энэ хүний ярилцлагууд хэдэн жилийн өмнө шуугиан тарьж, Эрик Жоргенсен гэх энтрепренер залуу бүх л хэлсэн ярьсан зүйлс, жиргээнүүдийг нь эмхтгэн “The Almanack of Naval Ravikhant” нэртэй ном болгосон нь нөхрийн нэр хүндийг бүр дархалж, сүүлийн үед энтрепренер залуучууд түүнийг философийг олноороо “тахин шүтэх” болоод буй. Түүнийг Тим Феррис нэгэнтээ ийн тодорхойлж байв:
“Би Навалыг онцгойд авч үздэг шалтгаанууд гэвэл тэр:
–Бараг бүх зүйлд эргэлздэг
–Суурь зарчмаас эхлэн задалж сэтгэдэг (thinking from the first principles)
–Юмыг сайн туршдаг
–Өөрийгөө хуурахгүйгээ мэддэг
–Бодол санаагаа тогтмол өөрчилдөг
–Их инээдэг
–Бүхлээр нь харж чаддаг (thinking holistically)
–Холыг хардаг
–Тэгээд бас өөрийгөө нэг их чухалд авч үздэггүй.”
Өнөөдрийн товшлолд Навал 2008, 2016 онуудад өөрийн амьдралын дүрэм, баримтлах зарчмуудыг хэрхэн томьёолж байсныг орчуулан хүргэе. Сурвалж нь дээр дурдсан ном.
Амьдралын томьёонууд (2008)
Навал: Эдгээр бол миний өөртөө зориулсан тэмдэглэл. Үүнийг хүмүүс яаж тайлбарлах, цааш яаж тооцоолох нь өөр өөр байх биз. Эд бол тодорхойлолт биш, амжилтад хүрэх алгоритмууд (компьютерын тооцоолол) юм. Санал сэтгэгдлийг хүлээн авна.
Аз жаргал = Эрүүл мэнд + Хөрөнгө (Wealth) + Сайн харилцаа (Good relationships)
Эрүүл мэнд = Дасгал + Хооллолт + Нойр
Дасгал = Өндөр эрчимт дасгал (resistance training) + Спорт + Амралт
Хооллолт = Боловсруулаагүй бүтээгдэхүүнүүд (natural foods) + Хэсэгчилсэн мацаг + Ургамал ногоо
Нойр = Сэрүүлэг тавихгүй байх + 8-9 цаг унтах + Сиркадиан хэмнэл (circadian rhyhms)
Хөрөнгө = Орлого + Хөрөнгө х (Хөрөнгө оруулалтын өгөөж)
Орлого = Найдвартай байдал + Хөшүүрэг (Leverage) + Тусгай мэдлэг
Найдвартай байдал = Хувийн брэндинг + Хувийн платформ + Эрсдэл үүрэх?
Хөшүүрэг = Капитал + Хүмүүс + Оюуны өмч
Тусгай мэдлэг = Хүмүүст амархан заагаад сургачихаж болохооргүй ямар нэг зүйлийг хийж чаддаг байх
Хөрөнгө оруулалтын өгөөж = [хувьцаа] Аваад дарах (buy-and-hold) + Үнэлгээ + Аюулгүйн зааг (Аюулгүйн зааг хэмээх ойлголтын тухай энд товшиж байв.)
Навалын дүрмүүд (2016)
Юуны түрүүнд, одоо цагт орш.
Хүсэл бол зовлон. (Будда)
Уур гэдэг бол чиний гартаа атган буй, хэн нэгэн рүү шидэхээр хүлээж буй халуун чулуу юм. (Будда)
Хэрвээ цаад хүнтэйгээ насаараа хамт ажиллана гэж бодохгүй байгаа л бол нэг ч өдөр бүү хамт ажилла.
Унших (суралцах) нь хамгийн чухал мета чадвар. Үүгээр юуг ч авч чадна.
Амьдралын бүх л үр өгөөж нийлмэл хүүгийн зарчмаас буй болдог. (Нийлмэл хүүгийн зарчмыг энд товшиж байв.)
Цагаараа биш оюунаараа мөнгө ол.
Бүх хүчин чармайлтын 99 хувь нь үрэгддэг.
Бүх л цаг мөчид үнэнийг хэл. Бараг л бүх үед шударга бөгөөд эерэг байх боломжтой.
Сайшаахдаа нарийн деталь хэл, шүүмжлэхдээ ерөнхийд нь хэл. (Уоррен Баффет)
Урьдчилан хэлж чаддаг зүйлийг үнэн гэнэ. (Truth is that which has predictive power.)
Бодол бүрээ ажигла. (“Би яагаад үүнийг бодож байна?” гэж асуу.)
Агуу амжилт зовлонгоос эхтэй.
Хайрыг өгдөг, авдаггүй.
Гэгээрэл гэдэг бол бодлуудын дундах зай юм. (Экхарт Толль)
Математик бол байгалийн хэл.
Бүх л агшин бүрэн төгс.
Таны уншсан энэ товшлол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ бичвэр таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо